Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьлаа
УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар дөнгөж сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьлаа.
Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээг Дубайд очиж гарын үсэг зурсантай нь холбоотойгоор өнгөрсөн намраас хойш УИХ-ын гишүүн Г.Уянга огцруулах тогтоолын төсөл дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.
Уг тогтолын төсөлд нийт 20 гишүүн гарын үсэг зуржээ. Яг одоогоор хэн хэн гарын үсэг зурсан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Харин энэ талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, Монголчуудын хэдэн үеэрээ үр шимийг нь хүртэх ёстой байсан Оюутолгойн гэрээг Дубайд очиж зурсан нь огцруулах гол шалтгаан болсон. Уг асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Маргааш байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэнэ" гэсэн юм.
Тэгвэл хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Г.Уянга энэ талаар "Тогтоолын төсөлд 20 гишүүн гарын үсэг зурсан. Дубайн гэрээ байгуулж Оюутолгойгоос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулж эх орны эрх ашгаас урвасны учир Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэгийг огцруулахаар УИХ-ын 20 гишүүн дөнгөж сая өргөн барилаа" гэв.
Г.Лхагваа
Сэтгэгдэл байхгүй байна.