Энхболдуудын ялгаа
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 20-нд хуралдаж намын дотоод чухал асуудлаа хэлэлцэнэ гэж байсан ч хуралдсангүй. Шалтгаан нь ердөө намын гишүүд тус хурлыг, намын даргаа тоож хуралдаа ирээгүйгээс тэр. 228 хүний бүрэлдэхүүнтэй ҮЗХ-ны гишүүд 40 хүрэхтэй үгүйтэй хүн ирж, намын дарга З.Энхболд гишүүдээ гурван цаг өөрийн биеэр гишүүдээ хүлээгээд цөхрөнгөө барж тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулахаас өөр сонголт түүнд үлдсэнгүй. АН-ын дарга З.Энхболд "Дотоод хагарал, талцал, фракцгүй нам” гэж хичнээн зарлаж, сэтгэлээ заслаа ч энэ удаагийн ҮЗХ-ны хурал тус намын дотоод зөрчил, алалцааныг гэрчлээд өгөх шиг болов. Мөн төрийн ордны жиргэж буй "бор шувуу” ҮЗХ хуралдаагүй гол шалтгаан нь намын фракциуд бойкот зарлаж, хурал болохоос хэдхэн цагийн өмнө З.Энхболдын Г.Уянга, О.Баасанхүү нарыг "гар хөл”-өө болгон найруулсан жүжгийн эх хувийг олж мэдсэнд байгаа гэх. Өөрөөр хэлбэл З.Энхболдын төлөвлөгөө ёсоор Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг Г.Уянгын тусламжтайгаар унагаж, оронд нь С.Эрдэнийг Ерөнхий сайд болгохоор зэхэж байсныг "Алтангадас”-чууд мэдэж ҮЗХ-ны хурлаа самраад хаячихсан гэх хардлага бодит байдлаас нэг их хол зөрөхгүй л болов уу. Намын даргаар сонгогдоод анхны ҮЗХ-ны хурлаа хийх гэтэл гишүүд нь өөрийг нь тоохгүйд мунгинаж, толгойгоо гашилган суухад сөрөг хүчин болох МАН-ын дарга М.Энхболд намаа жинхэнэ ёсоор зангидаж, бодлогоо тодорхойлж сууна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон МАН-ын хурал ирц өндөртэй, товлосон цагтаа эхэлж, хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд "Максима Консалтинг”-ийн судалгааны дүнгээр МАН-ын рейтинг 2014 онд 22,3 хувь байсан бол 2015 арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 34.2 хувь болж өссөний дотор аймаг, орон нутагт 36.3 хувь, нийслэлд 32.1 хувьтай байна. Энэ хугацаанд АН-ын рейтинг 40.4 хувиас 30.8 хувь болж буурсан” гэдгийг мэдэгдэж МАН-ын ирэх сонгуульд ялах үндэс бол дотоод эв нэгдэл, нягт цул байдал гэж онцолж, намын гишүүдээ нэгтгэж байсан юм. Өөрөөр хэлбэл намын хурлаа ямар нэгэн асуудал гаргалгүй хийж, гишүүдийнхээ зорилго, хүсэл тэмүүллийг нэгэн цул болгож чадсан нь тус намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын улс төрийн нүүдэл зөв байсан гэдгийг харуулж буй мэт. Гэтэл АН-ын дарга З.Энхболд намаа хагалан, задруулж, өөрийн хүнээр Ерөнхий сайдын албыг хашуулах гэсэн аминчхан атлаа башир санаа эргээд түүнийг намдаа нэр хүндгүй нэгэн болоход хүргэж буй юм. Энхболдуудын ялгаа ердөө энэ. Намын хурлаа ч хийж чадахгүй, нам доторх зөрчлийг намжаахын оронд гал дээр тос хийхтэй адил үйлдэл гарган, хор найруулж суугаа З.Энхболдын оронд намын даргаар ажиллах чадалтай, чадвартай боловсон хүчинг сонгох сонголт бас бий гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.
М.БОЛОР
Сэтгэгдэл байхгүй байна.