ОРОСТ дэлгэрсэн ГАХАЙН ханиад МОНГОЛД тун ойрхон байна
Орост гарсан гахайн ханиад улам бүр тархаж, өвчлөлийн хамрах хүрээ нэмэгдэж байна. ОХУ-ын 50 гаруй бүс нутагт тархсан энэ өвчний улмаас нас барсан хүний тоо ч нэмэгдэх хандлагатай байгааг тус улсын ЭМЯ-наас мэдээлжээ.
ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова энэ өвчний тархалттай холбоотойгоор Ерөнхийлөгч Владимир Путинд тайлан илтгэл өгсөн бөгөөд түүний мэдэгдсэнээр улс орон даяар ханиадаар өвчилсөн хүмүүсийн 70 гаруй хувьд нь гахайн ханиадны шинж тэмдэг илэрсэн гэнэ. Өвчлөл улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор яаралтай арга хэмжээнүүдийг авах тэр дундаа хөл хорио тогтоох арга хэмжээ авч эхэлсэн байна.
Оросын нийслэл Москва хотод дунд сургуулийн 7 ангид хөл хорио тогтоосон бол он гарснаас хойш гахайн ханиадны улмаас нас барсан тохиолдол 9 гарсан Ростов мужид 84 цэцэрлэг, дунд сургуульд хөл хорио тогтоожээ.
Харин бусад сургууль, боловролсын байгууллагуудыг хэвийн горимоор ажиллуулж байгаа гэнэ. Пермийн хязгаарын нийслэл Пермь хотод нөхцөл байдал илүүтэй хүнд байгаагийн улмаас 2016 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 06-ны хооронд хөл хорио тогтоохоор болсон байна. Энэ хугацаанд дунд сургууль, их дээд сургуулиуд, тусгай дунд боловсролын сургуулиуд гээд сургалтын бүхий л байгууллага ажиллахгүй гэнэ. Харин хүүхдийн цэцэрлэгүүд хэвийн ажиллах ч өглөө бүр хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг заавал шалгах шийдвэрийг тус хотын хяналтын газар гаргажээ.
Мөн Оросын саятан хотуудын дундаас хамгийн түрүүнд хөл хорио тогтоосон хот нь Екатеринбург хот болсон байна. Энэ хотод гахайн ханиадаар өвчилсөн тохиолдол эрс нэмэгдэж байгаагийн улмаас өнөөдрөөс эхлэн бүхий л дунд сургуулиудыг хаахаар болжээ. Улмаар дунд сургуулийн хичээлийг алсын зайны хөтөлбөрөөр шийдэх бөгөөд халдврын тархалт намдах хүртэл хөл хорио үйлчлэх юм байна. Мөн Оросын бусад хот, бүс нутгуудад ч гахайн ханиадны дэгдэлтийн улмаас сурагчдын өвлийн шалгалт, амралтын хуваарьт өөрчлөлт оруулжээ.
ГАХАЙН ХАНИАД ХАЯАНД ТУЛАХ НЬ
ОХУ болон Монгол Улсын хооронд харилцан визгүй зорчих болсонтой холбоотойгоор манай улсын иргэд хойд хөршийг ихээр зорих болсон. Тэр дундаа Цагаан сарын баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд баярын бэлтгэлээ базаах зорилгоор Буриад улсыг зорих хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа. Харин энэ өдрүүдэд ОХУ-д тархаад байсан гахайн ханиад Буриадад гарсан тухай таагүй мэдээлэл байна. Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр Буриад улсад A(H1N1)1 ханиадаар өвдсөн анхны тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд 3-6 насны болон 13 настай гээд нийт таван хүүхэд энэ өвчнөөр өвдсөн тухай тус улсын Хяналтын албанаас мэдээлж байлаа.
Улмаар энэ өвчлөлийн тоо нэмэгдэж, одоогоор албан ёсоор 10 тохиолдол бүртгэгдээд байна. Өвчилсөн хүүхдүүд бүгд урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй байсан бөгөөд тэднийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа гэнэ.
Буриадын ЭМЯ-наас мэдээлснээр өвчтнүүдийн биеийн байдал хүнд биш, нэг хүүхэд нь эмнэлгээс гарчээ. Гахайн ханиад хүрсэн нэг сурагчийн хамт суралцдаг хүүхдүүдийг тодорхойгүй хугацаагаар амраасан байна. Энэ улиралд Буриадад 360 мянган оршин суугч буюу нийт хүн амынх нь 37 хувь нь ханиаднаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн байна.
ГАХАЙН ХАНИАД ГЭЖ ЮУ ВЭ, ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Гахайн ханиад гэдэг нь халдвартай амьсгалын замын хурц өвчин юм. Энэ өвчин эй бүлгийн эйч 1 эн 1 ханиадны вирусээр үүсгэгддэг. Гахайнаас хүнд болон хүнээс хүнд, амьсгалын замаар халддаг. Энэ өвчин бие организмын байдал болон наснаас хамааран янз бүрийн байдлаар тусдаг. Ихэвчлэн ахмад настай хүмүүс, бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд болон багтраа, чихрийн шижин зүрх судасны архаг өвчтэй хүмүүст болон дархлаа нь суларсан хүмүүс амархан тусах магадлалтай юм байна.
Гахайн ханиад туссан үед өндөр халуурах, ханиах, найтаах, хоолой өвдөх, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин өвдөх зэргээр энгийн томуу томуу төст өвчинтэй ижил шинж тэмдэг илэрдэг тул эмчид яаралтай хандах хэрэгтэй гэнэ. Гахайн ханиад туссан үед нэн даруй эмчид хандах хэрэгтэй. Үүний дараа эмчийн бичиж өгсөн заавар зөвлөгөөг нарийн дагах, тэр дундаа хэвтрийн дэглэм барьж, шингэн зүйл ихээр уухыг эмч нар зөвлөжээ. Мөн хүн ихтэй газар, нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүрээр явж болохгүй.
Түүнчлэн ханиаж найтаахдаа амаа таглах, амны хаалт хэрэглэх зэрэг энгийн дүрмийг мөрдөж, гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй юм байна. Өвчилсөн хүнийг нэн даруй тусгаарлан, өрөөнд нь агаарын солилцоо байнга хийх хэрэгтэй гэнэ. Учир нь энэ ханиадны аюултай вирусүүд цэвэр агаар болон агаарын хүйтэн урсгалыг тэсвэрлэх чадваргүй байдаг юм байна. Өрөө тасалгаанд байнга агаарын солилцоо хийхээс гадна цэвэрлэгч шингэн ашиглан чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна.
ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
- Хүн ихээр цугларсан, ялангуяа ханиадны тархалт нэмэгдсэн бүс нутгуудаас хол байх
- Амны хаалт хэрэглэх
- Бохир гараар хамар, ам, нүдэндээ хүрэхгүй байх. Ханиад томууны вирус ийм замаар халдварладаг
- Өдөрт хэд хэдэн удаа гараа савандаж угаана. Ахуйн хэрэгсэл ашиглан өрөө тасалгааг ариутгана. Тэр дундаа хаалганы бариул, ажлын ширээ, утас болон бусад өдөр тутам хэрэглэдэг зүйлсээ байнга ариутгана.
Энэ вирус өвчтэй хүнээс агаар дуслын замаар амархан халдварладаг тул хүмүүстэй хэт ойртон харилцаж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Ханиаж найтаахдаа ам, хамраа ариун цэврийн цаасаар халхалж, хэрэглэж дуусаад шууд хаяна.
Мөн гахайн ханиад ердөө хилийн цаана ирчихсэн энэ үед Буриад улсыг зорин, цагаан сарын бэлтгэлээ базааж байгаа хүмүүст онцгой анхааралтай байж, амны хаалт хэрэглэн, дархлаагаа дэмжиж, хувийн ариун цэвэр сайтар сахихыг зөвлөж байна. Учир нь Буриад руу зорчин, халдвар авсан тохиолдолд Цагаан сарын үеэр золголт, айл хотоор орох үед бусдад маш хурдацтай дамжин тархах аюултай юм.
Эх сурвалж: Итар Тасс, Вести, mk.ru
Сэтгэгдэл байхгүй байна.