Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлыг өчигдөр байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дамнуулан зургаан цаг гаруй хэлэлцэж арай гэж шийдвэрлэлээ.
Чуулганы хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулах болон огцруулахгүй байх гэсэн хоёр чиглэлээр УИХ-ын 76 гишүүн нэлээд өргөн фронтоор "дайн"-д оролцож өөр өөрсдийн байр суурийг хамгаалан тэмцэлдлээ. Адаг сүүлд нь Ардчилсан нам тэргүүтэй хамгаалагч тал ялалт байгуулж, довтлогч талыг няцааж чадсан юм. Тэднийг ялалт байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн улс төрийн хүчин бол яах аргагүй МАХН болон МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг байлаа. Засагт хамтарч байгаа тэд Н.Энхбаярын захиасыг тун ч "онц" дүнтэй биелүүллээ. Харин "эсэргүү" болсон Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нар огцруулах кнопыг дарсан. Үүнийг МАХН тусдаа авч хэлэлцэх биз.
Шударга ёс эвслийн араас тугаа намируулсаар Засгаа хамгаалж үлдсэн улс төрийн хүчин бол ИЗНН байлаа. С.Оюун болон С.Дэмбэрэл нар Оюутолгойн гэрээнд алдаа гаргасан нь яах вээ. Засаг төр тогтвортой байж сандал ширээ ганхахгүй байх нь дээр гэж үзсэн бололтой.
Ямартаа ч Засгийн газрыг хамтарч байгуулсан хэд маань хамтаараа лаг байсаар асуудлыг өөрсдийн талд шийдэж чадлаа. Харин гарын үсэг зурсан 19 гишүүний 13 нь харьяалагддаг сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдад хариуцлага тооцох гэсэн боловч харамсалтай хүчин мөхөсдлөө. За, ингээд УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачлан өргөн барьсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг огцруулах асуудал тал бүрээсээ маш их улс төр дагуулсны эцэст өнгөрсөн шөнө нэг юм дуусгавар болох нь тэр.
Намын даргын төлөөх тэмцлээ нам дотроо сэм өрнүүлэх болсон Ч.Сайханбилэг энэ асуудал дээр намын даргадаа "мад" тавиулсныхаа дараагаар хамгийн түрүүнд түших хүн нь Н.Энхбаяр байлаа. Тэрбээр, МАХН-ын даргыг өөрийн талд үлдээж байж л Засгийг хамгаална гэдгээ ойлгосон учир сонголтоо эргэлт буцалтгүй хийсэн хэрэг.
МАХН тэргүүтэй эвслийн бүлгийнхэн уг асуудлаар барьцаалж Шадар сайдын асуудлыг шийдүүлэхээр хичээсэн бөгөөд Ерөнхий сайдтай ам тохироонд хүрч санасандаа хүрсэн гэнэ. Тэрхүү тохироо нь гурван сарын турш эзэнгүй орхигдоод байсан Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатар Шадар сайдыг. Харин Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилж өгөхөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг амлажээ. Үүний хариуд тэрбээр Н.Энхбаяраас бүлгийнхээ гишүүдээр огцруулахгүй гэсэн кнопыг даруул, бүлгээрээ огцруулахгүй гэсэн мэдэгдлийг хий гэжээ. Мөн огцруулах санал оруулж ирсэн гурван гишүүнийхээ гарын үсгийг буцааж татуул гэсэн болзол тавьжээ.
Хүссэн зүйлийг нь тултал нь амласанд Н.Энхбаяр огцруулах саналыг өргөн барьсны маргааш Төрийн ордонд эвслийн бүлгийг 07.30 цагт яаралтай хуралдуулж Ерөнхий сайдыг огцруулахгүй гэсэн дүгнэлт гаргууллаа. Ингэхдээ санаачилсан болон гарын үсэг зурсан гишүүдтэй тулж ажилласан гэнэ. Тэднийг огцруулах саналаа татаж авахгүй бол "Намаасаа гаргана". Тэр ч бүү хэл "дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү" хэмээн дарамталсан сурагтай. Энэ талаар өчигдөр чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн, дэд дарга Л.Цог заналтай нь аргагүй хэлсэн. Тэрбээр, "Манай шударга ёс эвслийн байж байгаа царай энэ л дээ. Гарын үсгээ буцаа гэж дарамталсан. Хэрвээ биднийг гарын үсгээ буцаахгүй дараагийн сонгуульд оруулахгүй гэсэн шүү дээ" хэмээсэн юм.
Харин Ерөнхий сайдыг амлалтандаа хүрч Н.Энхбаярыг Шадар сайдад томилох эсэхэд эх сурвалжууд нэлээд эргэлзэж байгаа юм. Учир нь түүнийг Шадар сайдад томилсон цагаас эхэлж АН доторх Ерөнхийлөгчийн талынхан огцруулах асуудалд ханцуй шамлан орох нь тодорхой. Н.Энхбаярыг Шадар сайдад хүлээн зөвшөөрөхгүй байх үүнээс гадна хэд хэдэн шалтгаан ч түүнд байгаа. Тиймээс энэ амлалтыг одоохондоо "гоё үг" хэмээн тайлбарлаж болох юм.
Ямартаа ч энэ удаа АН-ынхан Ерөнхий сайдаа ямар ч хамаагүй үнээр хамгаалж үлдлээ. Тэр тусмаа эсвлийн бүлгийн ачаар унасангүй. Харин дараагийн удаа энэ асуудал хөндөгдвөл гарцаагүй огцрох болов уу. Учир нь энэ цаг үед том намуудын нүдэнд "алтан цээжтэй, мөнгөн бөгстэй" мэтээр харагдаж байгаа ИЗНН-ыг хэн өөрийн болгож чадна тэр нь Засгийн эрхийг гартаа авна. АН-ынхан өнгөрсөн оноос л эхэлж ИЗНН-ыг өөртөө элсүүлэхээр хичээж яваа. Тэгвэл саяхан Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ ИЗНН-ын гишүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж бараг л "эвслийн бүлгээр орж гарч байгаарай хө" гэж урьсан албан бичиг явуулсан. Хэрэв тэд зөвшөөрөх юм бол Засгийн газрын эрх мэдэл 100 хувь Н.Энхбаярын гарт очно. Тэр хүссэн үедээ огцруурлах бичиг үйлдэж Ч.Сайханбилэгийг суудлаас нь ховхолж дөнгөнө. Учир нь ИЗНН-ын хоёр гишүүн эвсэлтэй нэгдвэл нийт 11 болно. Үүн дээр нэмээд МАН-ын 26, бие даагч 2, сүүлийн үед дипломгүй гэж адлуулах болсон ХҮН-ын нэг гишүүн нэгдснээр Засгийн газрыг огцруулах бүрэн боломжтой болох юм. Н.Энхбаяр улс төрийн нарийн төлөвлөгөөтэй хүн учраас Ерөнхий сайдад хулихдуулвал хийх дараагийн алхамаа ч хэдийнээ тооцсон нь энэ бололтой.
Тиймээс засгаа авч үлдсэн АН-ынхан Шадар сайдад Н.Энхбаярыг томилох уу, үгүй юу гэдэг дээр нэн даруй шийдэлд хүрэх хэрэгтэй.
Г.Лхагваа
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.