Давхар, давхар улс төр агуулсан Ерөнхий сайдыг огцруулах бичиг
Монголын улс төрд өчигдөр маш сонирхолтой үйл явдал өрнөлөө. Одоо нэг хэсэгтээ л Монголын улс төр "донсолгоотой" байх болно. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар өчигдөр үдээс хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Тэд Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн мэдүүлжээ. Огцруулах болсон шалтгаан нь тодорхой. Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахдаа Улсын Их Хуралд мэдээлэлгүйгээр "далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхжүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан 4 тэрбум доллар, Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг Улсын Их Хуралд албан ёсоор мэдээлсний дараа 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монгол Улсын тус компанид эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Гэвч УИХ-ын энэхүү хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь Улсын Их Хурлын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан хэмээн үзжээ. Өнгөрсөн намраас эхэлсэн уг огцруулах төсөл ийнхүү цагаан сарын өмнө биелэлээ олж улс төрий үйл явцыг дахин хэсэг бужигнуулах бололтой. Оюутолтойн гэрээнд "сэм" гарын үсэг зурчихаад ирсэн нь Шийдлийн Засгийн газрын "хүзүүг ороож" болзошгүй болж ирлээ. Тэрбээр гэрээн гарын үсэг зурж ирсний дараагаар "Оюутолгойн төсөл хэрэгжсэнээр Монгол хожино" гэж байсан. Оны өмнөхөн олон улсын 20 банк Оюутолгойн далд уурхайн санхүүжилт болох зээлийг Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанид өгөхөөр шийдвэрлээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна.