Америкийн иргэн Ч.Ганбат 10 сая ам.долларын “шахаа” хийгээд бултсан уу
Хүмүүсийн дунд сүүлийн үед "Төмөр замын хэрэг” хэмээн нэрлэгдэх болсон гэмт хэргийн мөрөөр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн болон Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн байцаач нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, тэдний үнэн "зарц” Б.Батзаяа нараас гадна санхүүгийн зуучлагч, гол зөвлөгч нь гэгддэг "Либерти партнерс” компанийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат, Солонгосын "Самсунг Си Ти” компанийн захирлуудыг шалгаж байгаа юм.
Тэдэнд "Шинэ төмөр зам” төслийн хүрээнд "Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн хариуцаж хийлгэсэн Ухаа-Худаг- Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын далан, бусад байгууламжийн ажилд зарцуулсан "Чингис” бондын 200 сая ам.доллар болон Хөгжлийн банкаас олгосон мөнгийг үргүй зарцуулсан, идэж ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Б.Батзаяа нь Х.Баттулын тун ойрын хүн бөгөөд тухайн үед тэр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж байсан юм. Түүнийг шинэ оны өмнө "Самсунг”-ийн эздийн хамт баривчлан саатуулж байгаад саяхан батлан даалтанд гаргасан байна. Х.Баттулга, А.Гансүх нарын гадаад руу зорчих эрхийг ч бас хаагаад байгаа юм. Харин Ч.Ганбат нь хэргийг шалгаж эхлэх үеэс гадаадад оргож гараад ирээгүй байна. Түүний адил энэ хэрэгт холбоотой Бат-Эрдэнэ нь мөн гадаадад яваа сурагтай. Тэднийг одоо Интерполоор эрэн сурвалжилж буй.
Ч.Ганбат нь цагаан сарын өмнө Америкаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хандаж сүртэй гэгч захидал бичиж, түүнийг нь Х.Баттулга зарим цахим мэдээллийн хэрэгслүүдээр хүмүүст хүргэх ажлыг гүйцэтгэсэн нь олны анхаарлыг татсан юм. Тэрбээр уг захидалдаа "Би 2012 онд Америкийн ирсэн болчихсон байсан” гэж даапаалахдаа өөрийгөө ямар ч буруугүй гэж өчсөн байлаа. Өөрөөр хэлбэл, манай эрхмүүд Америк улсын иргэнээр тийм том төслийн ажлыг гүйцэтгүүлж байжээ.
Тэгвэл түүний талаарх өөр нэгэн мэдээлэл хүмүүсийг бас л алмайруулж эхэллээ. Юу гэвэл, мань эр Х.Баттулга гишүүнийг Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд байхад нүүрс шингэрүүлж шатахуун гарган авах төсөл гэгчийгээ санаачилж "Төгрөг нуур энержи” компаниар төслөө гүйцэтгэхээр болсон байв. Х.Баттулга үүнийг нь дэмжиж тус компанийг төрийн өмчит компани болгож өөрчлөхдөө өөрийнхөө хүмүүсийг удирдлагад нь шургуулсан гэдэг. Ингээд удалгүй тэд Германаас хөрөнгө оруулалт татаж, "Гер Мон Газ” нэртэй компани байгуулжээ. Гэвч хэдэн сарын дараа Засгийн газар солигдож тэдний энэ төсөл зогсоход хүрсэн байна. Гэлээ ч гэсэн хашрууд тэрхүү нүүрс шингэрүүлж шатахуун гарган авах төслөө Засгийн газарт 10 сая ам.доллараар үнэлэн шахаж” амжсан гэх яриа төрийн ордон дотор үе үе тэнүүчилсээр байгаа аж. Хэрвээ энэ үнэн бол "Төмөр замын хэрэг” дээр нь дахиад өөр нэг хэрэг нэмэгдэх бололтой.
Б.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.