“Ланд Круйзер” клубын залуус онцгой байдлын үед туслахаар болжээ
"Ланд Круйзер” клубын Фэйсбүүк дэх залуус байгалийн гамшигт үзэгдэл тохиолдвол хүн хүч техникээр үнэ төлбөргүй туслахаа мэдэгдлээ. Онцгой байдлын албаны хүн хүч, техник хүрэлцэхгүй нөхцөл байдлыг мэдэхийн хувьд урьд өмнө нь тэд ийм ажилд оролцож байсан аж.
Богино долгионы холбоогоор хангагдсан иж бүрэн тоногтой Ландкруйзер машинаар Улаанбаатар хотын орчимд цасанд боогдсон хүн, машиныг аврах ажиллагаанд оролцох, зохион байгуулахаар бэлэн байдалд байгаа ажээ. Мөн энэ "Пажеро" клубын залуус туслах ажилдаа гарсан талаар фэйсбүүкд бичжээ.
Залуусыг сэтгэл хөдлөлөө дарж, хувийн бэлтгэл, аюулгүй байдлаа сайтар хангах шаардлагатай талаар хэлэх хүмүүс байна. Тиймээс түлш, шатахуунаа дүүргэх, дулаан хувцаслах, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй байх, татлага, гогцоо, хүрз, татлага хүндрүүлэгч хангалттай авч явах.өөрсдөө аюулгүй байдлаа сайтар хангаж байж өрөөлийн амь нас эд хөрөнгийг хамгаална гэдгээ ямагт ухамсарлах хэрэгтэйг зөвлөжээ.
Учир нь энэ ажиллагаа нь зүгээр шавар, цасанд зугаацахтай адилгүй хариуцлагатай ажил гэдгийг ухамсарлан автоклубүүд нэг нэгэндээ дэм болж харилцан туслаж, хамтран ажиллахыг "Ланд Круйзер” клубынхэн уриалж байна.