Орон нутагт нөхцөл байдал хүндэрч байна
Улсын хэмжээнд 12 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Завхан аймгийн 12 суманд нөхцөл байдал хүндэрчээ.
Улмаар шуурганы үеэр 27 иргэн сураггүй алга болсныг аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Цагдаагийн албан хаагчид нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 17 иргэнийг эсэн мэнд олоод байгаа аж.
Одоогоор малтайгаа уруудсан нэг, отрын бүсэд яваа нэг малчин, нэг автомашинтай найман иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн Архангай аймгийн Хашаат суманд нэг, Баян-Өлгийн Буянт суманд нэг иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж буй юм байна.
Энэ сарын 3-4-нд иргэд, хөдөлмөрчид хол замд явахгүй, малаа бэлчээрт гаргахгүй байхыг Ус цаг уур орчны шинжилгээний алба анхаарууллаа.
Одоогийн байдлаар Төв аймгийн нутагт салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 18-20 м/с, томоохон голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, Зуунмод орчмоор цас шуурч, салхи баруун хойноос 10-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч, 9-11 градусын хүйтэн байна.
Иймд цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлэхээр Зам тээврийн сайдын тушаалаар 3 сарын 02-ны шөнө тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулж, Зуунмод сумын засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр түр зогсоолоо.
Харин Боловсрол, соёлын газар аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг сумдын сургууль, цэцэрлэгүүдэд даалгажээ. Гэвч Цээл, Заамар, Эрдэнэсант суманд эрчим хүч тасарсан тул сурагчдыг буцаасан байна.
Онцгой байдлын газрын 3 сарын 3-ны 10 цаг 25 минутын мэдээгээр Дэлгэрхаан, Баянцогт,Жаргалант, Сэргэлэн сумаас цасанд боогдсон, сураггүй алга болсон дуудлага иржээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас зам даваа хаагдсан тул баруун аймгуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Тэгвэл цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авсан байна.
Тус аймгийн Засаг дарга гамшигт үзэгдэлтэй холбогдуулан аймаг, сум хоорондын автомашины хөдөлгөөнийг хязгаарлах захирамж гаргажээ.
Байгалын онц аюултай үзэгдэл болж байгаатай холбоотойгоор хотоос гарах автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр хаав. Иймд иргэд та бүхэн хотоос гарахгүй, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, анхааруулагыг мөрдөхыг албаны хүн санууллаа.
2016 оны 03 дугаар сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5-7-нд зарим газраар, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Өчигдрийн цасан шуурганы үеэр нэгэн иргэн осгож амиа алджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4-р багийн "Жаварт хошуу” гэх газар суух С нь /эм 54настай/ осгож нас барсан байна.
Мөн Ховд аймгийн "Булган сумын Алагтолгой багт суух У /эм.44н/ нь 02-р сарын 24-нд мотоциколоос унаж гэмтэн Баруун бүсийн "Оношилгоо, эмчилгээний төв”-д эмчлүүлж байгаад нас барсан” гэх хэргийг шалгаж байна. Тиймээс иргэд хүйтний үеэр сонор сэрэмжтэй байх шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.