“Эрдэнэт”-ийн орлогч дарга Д.Даваасамбуу 773.7, С.Сувдаа 796.7 саяар байр авчээ
Эдийн засаг элгээрээ унаж байгааг, иргэдийн амьдрал тартагтаа тулж байгааг энгийн нэгнээс эхлээд Их хурлын гишүүд хүртэл тоть шиг ярьж байгаа ч идсэн уусан байгууллагууд "Но” илэрсээр байна. Хамгийн гайхалтай нь хэдэн мянган евроны нэмэгдэл цалин авч, хэдэн мянган долларын цалин авч, хэдэн зуун сая төгрөгөөр байр авч байгаа нөхдүүд нь бүгд төрийнхөн. Амьдрах боломж алга хэмээн ар гэрийнхнийхээ орхин гадаад явж байгаа залуучуудын татварын мөнгөөр ахиухан ашиг хонжоо олох гэсэн хэсэг нөхдүүд тоглож байгааг харамсалтай нь хууль хяналтынхан, цагдаа шүүхийнхэн зүгээр л хараад өнгөрөх...
Ерөнхийлөгч Шилэн дансны хууль батлаж, орон даяараа мөрдөж эхэлсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийн буянаар төрийн байгууллагын санхүү ямархан том тоон дээр эргэлдэж, түүнийг нь дарга, цэрэг гэсэн сэтэр зүүсэн "нохойнууд” яаж хоослож байдаг тухай бага ч гэсэн ойлголттой болсон билээ. Гэвч улс төрчдийн хамгийн их шүлсээ гойжуулдаг "Эрдэнэт” үйлдвэрийн Шилэн данс өнөөдөр хаалттай байна. Тус байгууллагын санхүү хэний гараар орж, хэн хэдэн төгрөг цувчуулж байгааг мэдэх арга алга.
Монгол улсын саалийн үнээ болсон, хамгийн их хөрөнгө эргэлдэж, хамгийн их мөнгө яригддаг энэ үйлдвэрийн санхүү хэрхэн явагдах нь иргэн бүрт хамаатай. Тэгвэл өнөөг хүртэл хуулиа биелүүлэхгүй гүрийж ирсэн Эрдэнэт үйлдвэрийнхний жинхэнэ царай илчлэгджээ. Тодруулбал цалингаасаа гадуур нэмэгдэл цалин гэж 1800 еврогоо 45 мянган евро хүртэл авсан хүмүүсийг илчилжээ. Түүнчлэн хэдэн зуун саяар Улаанбаатар хотод тансаг зэрэглэлийн байрыг компанийнхаа мөнгөөр авсан удирдлагуудын талаарх ноцтой баримт дэлгэгдсээр байна.
2014 оны 12 дугаар сард ийм нэмэгдэл цалин авчээ.
Нэмэгдэл цалин хүртэгсэд :
Б.Алтанхуяг 3600 евро
Б.Баттулга 1800 евро
Батжаргалсайхан 1800 евро
Б.Батхуяг 1800 евро
Р.Дэлгэр 1800 евро
Д.Даваасамбуу 3600 евро
Б.Намхайнямбуу 3600 евро
Х.Өлзий-Орших 3600 евро
Д.Пүрэвсүрэн 1800 евро
С.Сувдаа 3600 евро
А.Цэрэнсодном 2700 евро
Н.Энхбаатар 1800 евро
2014 оны 12 дугаар сард дараахи хүмүүс мөнгөн дэмжлэг авчээ.
Гэрээний дагуу дэмжлэг үзүүлсэн :
З.Түмэн 27000 евро
Д.Пүрэвсүрэн 27000 евро
А.Цэрэнсодном 27000 евро
Н.Мэргэнбаатар 18000 евро
О.Хонгор 18000 евро
П.Батболор 45000 евро
Ш.Батдэлгэр 9000 евро
Б.Ариунзаяа 18000 евро
Ингэхдээ тэр нэмэгдэл цалин, дэмжлэг гэх мэтийг ажилтан болгон аваад байдаггүй, зөвхөн тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн багийн хүмүүс буюу түүний дагуулж авчирсан хүмүүс хүртдэг аж. Дээрх баримтаас харахад "Эрдэнэт үйлдвэр” –ийн хуулийн хэлтэсийн дарга А.Цэрэнсодном 2014 оны 12 дугаар сард 2700 еврогийн цалингийн нэмэгдэл авсанаас гадна 27 мянган евро гэрээний дагуу авчээ. Түүнчлэн 1989-2011 он хүртэл "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д мастер, хэсгийн дарга, үйлдвэр техникийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан "Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мэргэнбаатар 18000 евро, Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр 9000 евро, Хуулийн хэлтсийн орлогч дарга Б.Ариунзаяа 18000 еврогийн дэмжлэг тус тус авсан байна.
Улаанбаатар хотод орон сууцхудалдан авсан :
Б.Алтанхуягт 244 сая төгрөгийн урьдчилгааг 2014.12.30-нд
Батжаргалсайханд 309.9сая төгрөгийнурьдчилгааг 2014.12.27-нд
Д.Даваасамбууд 773.7 сая төгрөгийг 2014.12.12-нд
Б.Намхайнямбууд 690.7 сая төгрөг 2014.12.26-нд
Х.Өлзий-Оршиход 771,7сая төгрөг 2014.12.16-нд
С.Сувдаад 796.7 сая төгрөг 2014.12.19-нд
гэх мэтээр Эрдэнэт үйлдвэрээс мөнгө шилжүүлсэн байх юм.
Эдгээр хүмүүс бүгд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бөгөөд ажилласаныхаа төлбөр цалин авсаар байж давхар хамгийн доод тал нь компаниараа 244 саяас 796 сая төгрөгөөр байр авахуулжээ. Тодруулбал "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эдийн засаг эрхэлсэн орлогч захирал Б.Алтанхуяг 244 сая төгрөг, "Эрдэнэт” үйлдвэрийн Санхүүгийн хэлтсийн дарга Б.Батжаргалсайхан 309.9 сая, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу 773.7 сая, Эрднэт үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу 690.7 сая, Эрдэнэт үйлдвэрийн худалдааны асуудал эрхэлсэн орлогч захирал Х.Өлзий-Орших 771,7сая, нийгмийн асуудал хариуцсан дэд захирлаар С.Сувдаа 796.7 сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн байр авахуулжээ.
Шинээр авсан байрнуудын талаар захаас нь тодруулж дурьдвал Эрдэнэт Үйлдвэр ХХК-иас 773 сая 700 мянган төгрөгөөр Д.Даваасамбууд УБ хотод шинээр худалдаж авч өгсөн орон сууц нь 165.1 кв.м бөгөөд автомашины дулаан зогсоол 2-ыг хамт авсан юм байна. Мөн 796 сая 700 мянган төгрөгөөр С.Сувдаагийн худалдаж авсан 180.3 кв.м талбай бүхий орон сууц ч бас автомашины 2 дулаан зогсоолтой хамт юм байна.
Ер нь "Эрдэнэт” үйлдвэрийнхэн байс гээд л их хэмжээний мөнгөний асуудалтай тулгардаг. Гэхдээ бүгд тэг гээд намждаг. Үе үеийн улс төрийнхөн "Эрдэнэт” үйлдвэр рүү улайран дайрах явдал байсаар ирсэн. Төрийн эрх барьсан нам нь өөрсдийнхөө хүмүүсээр тус үйлдвэрийг удирдуулж, нөгөөх нь өөрийнхөө хүмүүсийг компани руугаа чихэх явдал бүр хэрээс хэтэрчихсэн. Гэтэл энэ мэтчилэн хөрөнгө завчуулах арга нь нарийсчээ. "Эрдэнэт” үйлдвэр монголыг тэжээдэг саалийн үнээ гэдэг нь маргаангүй үнэн. Гэхдээ тэд улс орныг тэжээж байгаа нэрийдлээр хууль бусаар хөрөнгөжиж байгаа нь шударга гэж үү.
Авлигатай тэмцэх газрынхан авлига хээл хахуулийн мөрөөр орж, хэд хэдэн хэрэг нухацтай ажиллаж буй. Тэгвэл "Эрдэнэт” үйлдвэрт ийм явдал болж байгааг үнэхээр мэдээгүй юу? Энэ үйлдвэрийн удирдлагууд хэдэн саяын цалин авна, хэдэн зуун саяар байр авахуулна, бас болоогүй хүүхдүүдээ улс зардлаар гадаадад үнэгүй сургана. Ямар дархан эрхтэй хүмүүс нь компаниараа тэжээлгэж, ямар заяа нь орхисон хүмүүс нь насаараа ажиллаад ч орон гэргүй үлдэнэ вэ???
Улаанбаатар 380 км-ийн зайд орших Эрдэнэт үйлдвэрт бурхангүй газрын бумба галзуурч байна АТГ-ынхаан.
Б.Заяа