Зеро зан Энхбаярт тохиромжтой
1.
"МАН-тай манай Энхбаяр нийлэх нь” гээд улс орныг авч явж ирсэн хэдэн хөгшчүүл маань баахан хөөрөв. Хоргүй сайхан сэтгэлтэй хэдэн буурлууд маань уриалга энэ тэр гаргаад л. "Үгийг үйлс болгодог, ажлыг хариуцлага болгодог” гэж олны сэтгэлд үлдсэн зангаараа аашлав. Тэд улс орондоо амны бус ажил хэргийн эв эеийг бүтээх гэж гүйлдлээ. Буурлууд маань Дэлхийн хамгийн хоцрогдсон,тусгаар тогтнол ч үгүй байсан Монгол орныг хүний ертөнцөд чимээтэй болгоход ур ухаан арга залиа барсан хүмүүс л дээ. 1918 онд 647 мянган хүн амтай байсан, муу нэртэй өвчин эмгэгт дарлуулсан орон 2016 онд 3 сая гаруй болтол Монгол хүнээ хадгалж чадсан юм сан. Түй гэх үйлдвэр заводгүй, гурван давхар нэг ширхэг байшин барилгагүй байсан юм даа, бидний Монголчууд зайлуул. Зарим маань "галлюцинаци”-д ордог юм уу, 1921 оны хувьсгалаас өмнө л үйлдвэр завод үй түмээрээ, бүтээн байгуулалт бургилаад, улс орны хөгжил газар тэнгэрийн хооронд багтахгүй шахуу байсан юм шиг хадуурдаг юм. Угтаа улаан бурхан өвчинд хүч мөхөсддөг байв шүү дээ. Мухар олгойгоо мулт татаж чаддаггүй байв шив. Өнөө айхтар "Т” үсгээр эхэлсэн нэртэй өвчинг дурдахаа байя. За энэ бүхнийг орхъё. Хэн бүхэнд ил дол эд.
Монгол орныг улс төрийн цул хүчин авч явна гэдгийг хэн ч мэдэж буй. Ийм учраас улс төрийн хүчнүүд нийлж эвсэхийг эрхэмлэдэг. Өнөө өвгөд маань "манай Энхбаяр танай Энхбаяр” тааж мэдэх биш таньж мэддэг авч тэдний тэнүүн итгэл найдвар нь аливаа хүнд зан төлөв, муу хор, авир зангаа засах зөв болох бололцоо өгөхийг эрмэлзэлж л дээ. Манай Энхбаяр танай Энхбаяр болдгийг АН-хан ч андахгүй. Одоогоор үйлээ үзээд л байж байна. Тэднийгээ "Хэ, хэ,хэ” гэж тавлаж инээлтэй биш. З.Энхболд үйлээ үзэж байгаа. Одоо М.Энхболд үйлээ үзэх нь. Тэр Энхбаяр чинь Ч.Улааныхаа үгийг авахгүй. Ц. Шаравдоржийнхоо зөвлөгөөг авахгүй. Ж.Сүхбаатараа сонсооч уу, үгүй ч үү. Октябрийн Баасанхүүгээ огт тоохгүй. Уг нь Энхбаяраасаа илүү хүмүүс байгаа юм шүү дээ. Эрдэм мэдлэг, эр зориг, ёс суртахуун гэвэл. М.Энхсайханаасаа урвана. Угийн хагалган бутаргах, урваж хөрвөх, зөвхөн амиа хичээх (зөвхөн шүү) одонд төрсөн хүн гэж мянгад нэг байдаг гэсэн. Манай Энхбаяр бол тэднийхээ ахлагч гэмээр түмнээс илүү гурван саяд нэг тохиолдох ховор хүн. Маш ховор хүн. Людовик XIV: "Төр бол би юм” гэсэн гээд л байдаг. Энхбаяр "МАХН бол би юм” гэж үгээр хэлээгүй ч үйл хөдөллөөрөө харуулаад байгаа юм. Уг нь саяхан нэгэнтээ Солонгосоосоо ирээд би шал өөр хүн болсон бүхнийг уучлана ч гэх шиг утгагтай юм яриад лекц ч юм шиг илтгэл ч юм шиг тайлбар ч юм шиг юм яриад байсан. Шал дордов уу! "Төр бол би” гэж Людвик хэлээгүй, парламентын протокол дээр байдаггүй гэж сүүлийн үеийн шинжээчид санаа дэвшүүлээд байдаг юм. Тэр дарангуйлагч хэлээгүй үгийг ХХI зууны монголд хэлчих вий дээ.
2.
Саяхан нэг гоё юм болдог юм аа. Улсаа хөгжүүлэх найдвартаа гүнзгий итгэдэг настан буурлуудын уриалга МАН-ынхныг зүгээр байлгасангүй. Ажлын хэсэг гарлаа л гэсэн. Эв эеийг эрхэмлэдэг буурлууд маань МАН, МАХН хоёр эвсэх нь ура ч гэх шиг. Тэгээд хоёр намын эрх авсан төлөөлөгчид 10 удаа ч гэл үү, 11 удаа ч гэл үү уулзаж хуралдсан, эвлэрч тохирсон гэсэн. Угаасаа Энхбаяр маань өөрийгөө тойрсон түмэн шаардлага гэхээсээ шантааж гэхээр юм тавина л даа. Тэр ойлгомжтой. Тэрийг нь таах ч хэрэггүй. Угаасаа мэдлэг болсон эд. Улс төрийн ашиг сонирхол харилцан хүндэтгэл дээр тохирхоос ганц хүний түрэмгийлэл дээр тогтдоггүй гэдэг ёстой өнөө "Амьдрал хайр дээр тогтдог” гэдэг шиг эд. Энэ харин Энхбаярт бол "хэ,хэ,хэ” л болов уу. Уг нь МАН нь аварга л даа. Тэгсэн атлаа аймгийн зааны хэмжээний МАХН-ыг их аргадсан бололтой юм. УИХ-д нэр дэвшигчдийнхээ квотыг 51:25 тохирсон юм байна. Үүнээс цааш газаргүй гэгчээр үүнээс илүү буулт байх уу? Одоо арай чүү гэж УИХ хуралд МҮАН-тэй хамтаараа бүлэг болж байгаа эвслийн хагастай шүү дээ. Энэ эвслээс Ш.Уянга, Л.Цог нар гараад явчихсан. Батцогт АН руугаа шилжсэн. Ер нь цаашдаа МАХН-МҮАН-ий эвсэл задрах зураг тавилан харагдаад байгаа юм. Байгаагаас Энхбаярт маань О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц. Оюунбаатар, Д.Тэрбишдавга, Ч.Улаан, Ц.Цолмон нар л байх шив. Эдний ихэнх нь намын жагсаалтаар орж ирсэн "бузгай” хүмүүс. Сонгууль мажоритар системээр явах юм бол МАХН-ныханд "явный” хүч дутна. Бидний багад 1970-аад онд "Ява” гэдэг мотоциклийг Монголчууд унадаг байсан юм. Тэр үеийн мянгын дугуйнаас (жижиг мотортой дугуй) арай дээр мотоцикль. Одоогийн сонгууль мажоритараар явах бол МАХН-ы хувьд тийм "Ява” мото "Ленд крузор” жийптэй уралдахын дайны юм болно доо. МАН,АН хоёрын наадам. Нөхцөл байдал ийм.Энд зөнч Ванга эмээ байтугай үзмэр Ч.Дашцэрэн гуай ч хөөрхийс байгаад ч хэрэггүй. Огт юм үздэггүй, огт зоос гүйлэгдэггүй, огт үгүй хүн байхад хангалттай. Хэ,хэ,хэ. Одоо бол өөр цаг үе. Өөр сонголт.Энхбаярын хөлөө гозогнуулаад баригдаж явсан үеийн өвгөд хөгшдийн өрөвдөлт одоо хийсээд мартагдаад улдсан морь лүгээ болсон байх өө ("өө” шүү). Уг нь дээр нэр нь дурдагдсан 6 хүн төрд хэрэгтэй л зайрангууд шиг байгаа юм. Эд нар нь тэгээд Энхбаярын зеро зангаас болж зеро л болох вий. Зеро гэдэг чинь огт үр дүнгүй болохыг хэлээд байна шүү дээ, ойлго. Уг нь өрөөсөө өөр хүн байдаг гэдгийг "үндэсний удирдагч” гэж хөөрцөглүүлж явсан хүн ойлгомоор. "Үндэсний” шүү. Бас "удирдагч”. Хайран хамт олон-МАХН. Хайран зургаан туршлагатай хүн.
3.
Санахаас үгүй ер өө. МАН Энхбаярыг арай дэндүү дээр аваачсан даа. Ерөнхий сайд,УИХ-ын дарга, Ерөнхийлөгч. Одоо НҮБ-ын ерөнхий л дутаж байх шиг. Аргадна аргадна гэхэд арай ч дээ.Нөгөө нөхөр намаа хагалаад л явсан. Одоо өнөө Архимедова спираль нь болж байгаа юм уу, философийн спираль гэдэг нь юм уу. Энхбаярыг ивээж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болгох шинэ зам наагдах нь шиг. Хоёр ажлын хэсгийн бичигт МАН-МАХН-ын эвсэл ялбал Ерөнхий сайдад хоёр намаас хоёр нэр дэвшүүлэгч гаргаад сонгох ч юм шиг юм бичигдэж. За болно оо гэхсэн. Цөөнхөө хүндэтгэх зарчимд. Гэтэл нөгөөх спиралийн эзэн нь намайг цагаатгавал би МАН-тай нийлэхгүй гээд АН-ы дарга З.Энхболд дээр явж байна гэж үнэн худал нь бүү мэд яриа гарах. Уг нь Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар ажлын хэсгийн ахлагч нар "заа,заа” батлана, хэлэлцэнэ, тохироно, эргэж буцахгүй, эргүүлж тойруулахгүй гээд гарын үсгүүдээ хээлсэн баримт бичиг дээр тохирч л дээ. Даана ч сүүлд ирсэн МАХН-ын гэрээ бичигтээ Энхбаярын түрэмгийлэл, проблемүүдийг чихээд оруулаад ирж. Эвсэх нь байтугай хүлээн авах аргагүй бичиг болгочихож. Худлаа гэвэл "юманд учир,нуманд гичир” байдгийг мэддэг МАН-ын Бага хурлаа хүлээгээд, Энхбаярын аашлахыг хараад сууж байгаа ямар нэг эрхэмийг таньдаг бол Тусгаар тогтнолын ордноор ороод гарахад захаас нь хэлээд өгнө дөө.
Тэгнээ тэр Энхбаярын зеро зангаас зеро үр дүн л гарна. Ёстой өнөө "Хэлээд байгаагүй юу?!” гэдэг л боллоо. Энхбаяртай эвсээд хэрэггүй, МАХН-тай бол уг нь "Ура” л юм байгаа юм гэж амаа барьсан хүмүүс Тусгаар тогтнолын ордондоо байцгаана. Нээрэн, угшил нэгтэйг ч хэлэх үү дээ? Энэ шалтгаанаар л МАН гар сунгасан байх.Гар барьсан бол бугуй барих ч юу ч биш өөр юу ч барих нөхөр л гэдэг юм билээ,хэнийг. Хэ,хэ,хэ. Ийм л юм болсон юм даа. Хэ,хэ,хэ. Р.Ринчен гуай Монголын андгай "за” буйзай гэсэн байдаг. Энхбаяр үүнийг лав сонсоогүй нь гарцаагүй. Твиттерт залуучууд "заа, заа” гэх аялгыг "зөө, зөө” гэж ёжтой, цаанаа нэг тохуутайгаар бичээд байх юм. Энхбаяр минь "зөө, зөө”.
Х.БҮРЭНТОГТОХ
- See more at: http://www.uls.mn/10002648#sthash.AtNZnFrp.dpuf