Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Д.Дорлигжавыг адалж Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг золиослон намаа цэвэрлэхээр шийдэв үү
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс ирж байцаалт өгөхийг шаарджээ. Тэрбээр "Байцаалт өгөхөөр” болсноо мэдэгдэхийн дашрамд шалтгааныг нь Ерөнхийлөгчийн эсрэг хийсэн мэдэгдэлтэй нь холбоотой гэж тайлбарлаад байгаа. Түүнийг өмнө нь Тагнуулын Ерөнхий газраас удаа дараа дуудахад мөн л ийнхүү олон нийтэд зарлаж, бас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч "хэлмэгдүүлэлт” гэж үзэж буйгаа мэдэгдсэн.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ТЕГ-аас дахин дуудагдахдаа Ерөнхий сайдаас тусламж хүссэнээ ч өөрөө илчилж орхисон юм. Ингэхдээ "ТЕГ-аас 2015 оны зургадугаар сарын 3-нд зарлан дуудах хуудас ирсэн. Тэгэхээр нь Ерөнхий сайдад хандсан чинь "Очих шаардлагагүй, би ярьчихлаа” гэсэн байдаг юм. Дараа нь мөн сарын 26-нд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Пүрэвмаагийн гарын үсэг бүхий зарлан дуудах хуудас Н.Алтанхуяг гишүүний нэр дээр очсон байдаг. Уг зарлан дуудах бичигт Н.Алтанхуягийг 2015 оны зургадугаар сарын 29-нд ТЕГ-д байцаалт өгөх, дуудсан хугацаанд очоогүй тохиолдолд ЭБШХ-д заасны дагуу албадан ирүүлэх болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахыг анхааруулсан байжээ.
Тэгэхээр Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга хоёр "хүйн холбоотой” нь бол үнэн бололтой юм билээ. Харин ТЕГ нэгэнт тусдаа даргатай, ТЕГ-ын дарга Ч.Сайханбилэг гэж ярьж, бичдэггүй учраас Н.Алтанхуяг гишүүн "шат алгасах” хэрэг байсан уу. Ингэснээрээ Ерөнхий сайдыг хууль зөрчсөн шийдвэр утсаар ч атугай өгсөн мэт харагдуулж орхисон юм.
Энэ байдал нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавын үед ч давтагдах шинжтэй. Учир нь Хууль зүйн сайд ЦЕГ-ын даргаа огцруулах гэхээр Ерөнхий сайд нь огцруулахгүй гэх. Тэр ч байтугай танхимын зарчимаар ажиллаж чадахгүй бол ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж өчигдөр болсон Засгийн газрын хуралдаан дээр зэмлэсэн байна. Хуралдаанд оролцсон сайд нар "Д.Дорлигжав сайд хурал хаяж гараагүй, энэ Засгийн газарт ажиллахгүй гэж хэлээгүй” гээд байгаа юм. Тэгэхээр Ерөнхий сайд нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг Засгийн газрын хуралдааныг хаяж гарсан нь тус намын бүлэг дээрх маргааны үргэлжлэл байсан юм биш биз.
Шалтгаан нь ЦЕГ-ын даргыг огцруулах гээд байгаа учраас тэр шүү дээ. Тэгвэл Ерөнхий сайд яагаад ЦЕГ-ын дарга Р.Чингисийг "хадгалаад, харамлаад” байгаа юм бэ. Дараагийн өрөг нь өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулах асуудал байх болно гэдгийг мэдсээр байж ийм том бооцоо тавина гэхээр айхавтар том хамгаалалттай байгаа биз. Үүний учрыг тайлахад тийм ч хэцүү биш л дээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос гадна Төрийн тэргүүн болон АН-ын дарга, УИХ-ын дарга гэсэн хоёр том хамгаалалт байгаа учраас ийм зоригтой болчихсон нь тодорхой. Дашрамд сануулахад Ч.Сайханбилэг өөрөө ч ЗГХЭГ-ын дарга байхдаа Ерөнхий сайдынхаа алдааг засаж түшиг болж явахын оронд "Шонхор”, МоАХ-ныхны ашиг сонирхолтой хамжилцан түүнийг огцруулахад чимээгүй сууж байснаа оронд нь Ерөнхий сайд болчихсон түүх мартагдаж амжаагүй байна.
Харин одоо түүнд өөрт нь ч, АН-д ч намынхаа аймаар том "акулууд”, олигархуудтай мөн ч зоригтой тэмцэж байна даа, одоо л төрөөс мөнгө шамшигдуулж болдоггүйг харуулж байна гэсэн ирэх сонгуулийн "пиар”-ын зураглал, мөрийн хөтөлбөрийнх нь "тойм” гараад ирж байна. Гэхдээ Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг золиослоод шүү. Тэр хоёрын 2012 оны сонгуулиар цуглуулсан санал, хүч хөрөнгө, удирдан зохион байгуулсан хийгээд мөрийн хөтөлбөрийн нүдээ олсон "идеа”-г ийнхүү булаагаад зогсохгүй өөрсдийг нь хууль, хүчний байгууллагаар айлгах замаар Намын дарга, Ерөнхий сайд хоёр нь хамжаад намначих байсан юмсанж. Гэтэл өнөө хоёр нь хоорондоо нэгдээгүй ч тус бүртээ "Миний ард нам бий. Энэ төрийн эрхийг баригчдад тусалсан буян минь бий” гэж бодож явсан биз. Мэдээж энэ хоёр нөхөр өөгүй өндөг биш ээ. Гэхдээ намын дарга нь ч, Ерөнхий сайд нь ч, өнөөдөр төрийн эрхийг барилцаж яваа сайд, дарга нарын олонх нь Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын нэр холбогдох хөрөнгө мөнгөний асуудалд холбоотой, хар яриагаар бол нэг тогооноос халбагадсан, ёстой л "гурилын хулгайчийн хацрыг хар” гэдэг шиг хаанаас нь ч харсан тодорхой байдаг шүү дээ. Үүнд Н.Алтанхуяг, Х.Баттулга нартай нэг танхимд ажиллаж олз ашигт нь хамаарал, хүртээлтэй байсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Батбаяр нараас эхлээд олон хүнийг дурдаж болно.
Тэгвэл одоогийн Засгийн газар буюу Ч.Сайханбилэгийн танхимынхан Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрыг бүрэн буруутгах баримт нотолгоо гартаа оруулчихаад байгаа гэх цагдаагийнхны хийсэн ажлын үр дүнг хамгаалж ямар нэг "найраа” оруулахгүй байлгахын тулд ийм "ажиллагаа”-нд гаршсан гэгддэг Р.Чингис даргыг ажлаас нь зайлуулах эсэх тухай асуудал яригдаж байна. Одоо Р.Чингис даргыг энэ ажиллагаанаас, тодруулбал цагдааг удирдах эрх мэдлээс холдуулах нь Д.Дорлигжав сайдын тавьсан санал буюу зөв шийдвэр нь юм. Гэтэл үүний нөгөө талд Р.Чингис ЦЕГ-ын дарга хэвээрээ байж, Н.Алтанхуяг, Х.Баттулга нартай наймаалцахад олонхийн намын даргын талд, УИХ-ын талд, Ерөнхий сайдын талд, магадгүй Ерөнхийлөгчийн талд байх нь тэдэнд ашигтай байгаа аж. Ямартай ч Алтангадас, МоАХ-ны тэргүүнүүдийг гэмт хэрэгт холбогдуулах, хууль хүчний байгууллагаар сүрдүүлэн байж Ардчиллынхан авлигачидтайгаа, төсвийн хөрөнгөөс мөнгө завшигчидтайгаа тэмцсэн гэх дүр зургаар сонгуульд оролцох, үүнийг нь мэдээд "хориотой тоглоом” гэдгийг нь хэлээд байгаа Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ Засгийн газарт өргөс мэт үзэгдэх болж. Мэдээж нэг сайдаас болоод Засгийн газар ганхдаггүй юм гэж ам таглах хүн олон ч үнэхээр сошиалаар шуугиад байгаа шиг Д.Дорлигжавыг "Танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг” гэсэн нь үнэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намынхаа нэрийг цэвэрлэх бус, өөрийнхөө ч гэсэн унах нүхийг л ухаж эхлээд байгаа бололтой.
Г.Норов