Өнгөрсөн 4 жилд огт шийдээгүй асуудлууд юу вэ?
Ер нь өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид амласан амлалтынхаа хэдэн хувийг хийж гүйцэтгэсэн бэ гээд нарийн тооцоод үзвэл сонирхолтой л хариу гарах байх. Ямартай ч татварын шинэчлэл, зөвшөөрөл хүнд суртлыг байхгүй болгох гэхчлэн чухал ажлуудаа хийж чадсангүй гэдгийг С.Дэмбэрэл гишүүн хэлж байгаа юм. Тэрээр "Мэдээж бид асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх байх. Гэхдээ бид 4 жил болоод огт шийдээгүй хэд хэдэн асуудал байна. Та бүхэн бүгд тойрог дээрээ очиж байгаа. Сонгогчидтойгоо уулзаж байгаа. Түүн дотор чинь бизнесийн хүмүүс байж байгаа. Энэ 4 жилд татварын шинэчлэл хийнэ гэж 2 нам хоёулаа амласан. 2 гол нам. Одоо хүртэл хийгдээгүй байна. Үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ? Энэ 4 жилд бизнесийн орчныг сайжруулъя, хяналтын системийг сайжруулъя, зөвшөөрлийг хялбаршуулъя гэж бүгд намууд амласан. Хуулиуд нь орж ирээд зарим хууль нь ингээд гацаад бас одоо удахгүй тарах гэж байна. Яагаад хийгээгүй байгаа юм. Сонгогч дээрээ очоод юу гэж хэлэх вэ? Бид энэ 4 жилд татварын шинэчлэл хийх ёстой байсан амжсангүй. Сонгуулийн тогтолцоо ярьсаар байгаад таарлаа гэж хэлэх юм уу. Бид энэ 4 жилд зөвшөөрөл, хүнд суртлыг байхгүй болгоё гэж ярьсан. Үүнийгээ бас амжсангүй. Сонгуулийн тогтолцоо ярьсаар байгаад таарлаа гэж ярих юм уу гэх мэтээр хүмүүсийн амьдралд илүү ойрхон хүмүүсийн амьдралыг сайжруулах, ажиллах орчныг нь сайжруулах, орлогыг нь нэмэгдүүлэх, орлогыг нь ядаж тогтвортой болгох ийм хуулиуд байгаад байгаа. Удахгүй Их Хурал тарна. Энэ тохиолдолд хоёр намын бүлгээс би хүсэлт тавьж байна. Ард түмэнд хэрэгтэй, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хуулиудыг хоёр талаасаа шахаад нөгөө хэлэлцэж ярьдгаараа яриад, ажлын хэсэг байгуулдгаараа байгуулаад тэгээд бушуухан яг өнөөдрийн олноороо цугларсан шиг шуурхай цуглаад шийдээд яваасай гэж хүсэж байна.” гэсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.