Иргэдийн сонголтонд хөндлөнгийн нөлөө байх ёсгүй
"Тулгарах бэрхшээлийг хамтдаа тодорхойлж, туулах гарцыг хамтдаа эрэлхийлье” уриатай, МАН-аас санаачлан зохион байгуулж буй "Бид хамтдаа” үндэсний форумын нээлт өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийж 5 салбар хуралдаанаар үргэжилсэн юм.
Төрийн ордоны Б танхимд "УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох нь” салбар хуралдаан болж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 22 улс төрийн намын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов. "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчлэл сэдвээр УИХ-ын гишүүн Су.Батболд илтгэл тавьж, хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан хэлэлцүүлэг хийв.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгоход тогтолцоо ойлгомжтой, тогтвортой байх, сонгогчдын ирц, оролцоог сайжруулах, будлиан маргаангүй байх, санал тоолох, дүн гаргах ажиллагаа нээлттэй, ил тод байх, зөрчил, маргааныг богино хугацаанд, бодитой шийддэг байх, сонгогч иргэдийн сонголт хөндлөнгийн нөлөөгөөр өөрчлөгддөггүй байх, сонгуулийн зохион байгуулалт, ажиглалтын үйл ажиллагаанд улс төрийн намын оролцоог хангах зэрэг асуудлыг харгалзан үзэх хэрэгтэй гэж хуралд оролцогчид дүгнэлээ.