Хуульд захирагдаагүй “Хурд”-ын эзэн Б.Чойжилсүрэн ахин сонгогдох нь зөв үү
УИХ-ын гишүүн Б.Чожилсүрэн өөрийнх талаар гарч байгаа шүүмжлэлийг огтхон ч тоодоггүйгээрээ алдартай. 2012 оны сонгуулиар тойрогтоо гэр түрээслэх нэрээ мөнгө тараасан шуугиан дэгдэж туслахууд нь ял шийтгүүлсэн. Тухайн үед болсон үйл явдлын талаар Увсын гишүүн нэг ч үг дуугараагүй нь тоомжиргүй зангийх нь биз. Орон сууцны барилгуудыг ээлж дараалан барьж байгаа "Хурд групп”-ын хувьд ч адилхан. Захилагч нар нь байнга гомдол санал гаргадаг ч хүлээж авдаггүй. Бүр төрийн байгууулагийн албан шаардлагыг үл тоомсорлодог том компанид ганцын зэрэг хүнийг авч хэлэлцэхгүй нь мэдээж. Одоо өгүүлэх үйл явдал энэ компанийг ямар дархан эрхтэй болохыг харуулах байх. Иргэн Т.М нь 2013 оны 7-р сард Хурд группын "Нарны хороолол" хотхонд орон сууцны захиалга өгч 2014 оны 1-р сард орон сууцандаа оржээ. Уг байранд анх захиалга өгөхөд орон сууцны танилцуулга болон батлагдсан зургаар баруун урд талд барилга баригдах талаар огт тусгагдаагүй, ямар ч үед нарны тусгал хаагдахаар эрүүл аюулгүй орчинд амьдрах бүрэн боломжтой гэж үзэхээр байсан гэнэ. Гэтэл барилгын ажил дуусч, 2014 оны 1-р сарын сүүлээр байранд ороход байрных нь баруун урд талд 12 давхар 1 орцтой барилга барихаар суурь цутгаж эхэлжээ. Уг барилгын ажил нь зогсолтгүй явсаар энэ оны эхээр ашиглалтанд орсон нь өнөөдөр 9-р байрны бүх цонхыг бүрэн хааж нарны гэрэл тусах ямар ч боломжгүй болгожээ. Оршин суугчид 10-р байрны суурийг цутгаж эхэлсэн үеэс л холбогдох хууль хяналтын байгууллагад хандахад тус барилга нь зохих зөвшөөрөлгүйгээр, НЕТГ-аас батлагдсан төлөвлөлтийг зөрчиж буй тогтоогдсон гэнэ. Иргэдийн гомдлоор НЕТГ-аас хяналт, шалгалтыг хийгээд "Баянгол дүүргийн 3-р хороо, Хурд группийн "Нарны хороолол" хотхоны 9-р байрны баруун урд талд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс зөрчин, барилгын ажил гүйцэтгэх зохих зөвшөөрөлгүй орон сууцны барилгын угсралтын ажил гүйцэтгэж байгааг тогтоогоод шаардах хуудсыг 2014 оны 3-р сарын 4-ний өдөр хүргүүлж,ээ. Дараа нь 3-р дугаар сарын 17-ны өдөр 7/557 тоот албан бичгээр чиг үүргийн дагуу барилгын ажлыг зогсоох арга хэмжээг авахуулахаар НМХГ-т ханджээ. НМХГ-ын Барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Мягмар, Хот байгуулалтын хяналтын улсын байцаагч Б.Хашчимэг нар 2014 оны 3-р сарын 24-ний өдөр "Барилгын угсралтын ажлыг зогсоох тухай" 02-07-77/56 тоот акт үйлдэж, барилга угсралтын ажлаа зогсоохыг "Хурд групп"-д даалгасан байдаг. Гэсэн ч "нохой хуцсан” чинээ ч тоолгүй барилгаа барьсаар байжээ. Аргаа барсан иргэд 2014 оны 4-р сарын 21-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд "Баянгол дүүргийн 3-р хороо, нарны хороолол" хотхоны 9-р байрны баруун урд талд хууль зөрчин баригдаж байгаа барилга угсралтын ажлыг зогоолгож цаашид тус газар дээр барилга барихгүй байхыг "Хурд групп"-д даалгах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "Хурд групп" нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч орон сууцыг нь нөгөөх 10-р байранд байгалийн гэрэл шууд тусдаг гурван өрөөгөөр солих санал тавьжээ. Үүнийг иргэн М.Т хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэлээ татжээ. Гэхдээ шүүх өнөөх эвлэрлийн гэрээг нь батлаагүй гэнэ. Харин нөгөө тал үүнийг нь ашиглахаар шийдсэн байж. Нарны гэрэл тусдаг байртай боллоо гэж баярласан иргэн зад хууртагдсан болохоо мэдсэнгүй. Бүр байр солих тухай эвлэрлийн гэрээг "Хурд групп” компаний хуульч П.Баттөртэй хийсэн нь ч нэмэр болсонгүй. Зөвшөөрөлгүй баригдсан 10-р байр ашиглалтанд ороход иргэн Т.М нь байраа авахаар Нарны хороолол хотхоны борлуулалтын албанд очтол орон сууцны захиалагчийн бүртгэлээс нэрийг нь хасчихсан байжээ. Ингээд Эвлэрлийн гэрээ болон Орон сууц захиалгын гэрээнд компанийг төлөөлөн гарын үсэг зурсан хуульч, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр, борлуулалт хариуцсан захирал Д.Балжинням, борлуулагч Ж.Урансайхантай удаа дараа уулзсан ч бүтэлтэй юм болсонгүй. Харин ч компаниас бичиг ирж эвлэрлийн гэрээг Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүх зөвшөөрөхгүй гэж үзсэн тул уг байрыг таньд өгөх боломжгүй гэсэн бичиг иржээ. "Хурд групп” нь шүүх гэрээг батлахаас татгалзсан, эвлэрлийн гэрээг компанийн захирал Д.Энхгэрэл батлаагүй, мөнгөн төлбөр төлөөгүй тул орон сууц солих гэрээг байгуулагдаагүй гэж үзээд нарын гэрэл тусдаг орон сууцыг нь гуравдагч этгээдэд зарчихсан байжээ.