Боливийн Ерөнхийлөгч нууц хүүтэй юу
Өмнөд Америкийн Боливи улсын Ерөнхийлөгч 56 настай Эво Моралес нууц хүүтэй гэх мэдээлэл орон нутгийн сайтуудаар цацагдах болжээ. Тэгвэл уг үйл явдал зохион байгуулалттай гүтгэлэг байсан, уг хэрэгт холбогдуулан таван хүнийг баривчилсан талаар албаныхан олон нийтэд мэдээлсэн байна. Тодруулбал, хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилгын улмаас савангийн дуурь шиг цуурхлыг зохиомжилж, нэгэн гэр бүлд их хэмжээний мөнгө төлөн хүүг нь Эво Моралесын хүү мэт дүр эсгэхийг даалгасан хэрэг гарсан ажээ. Мөн хэлсэнээр нь хийвэл сургалтын төлбөрийг нь төлж, газар худалдан авч өгнө хэмээн амласан байсан гэнэ.
Мөн гэр бүлд нь 15 мянган ам.доллар төлөхөөр тохиролцсон байсныг хууль хяналтынхан тогтоожээ. Одоогоор баривчлагдаад буй таван хүн тус гэмт хэргийг ямар шалтгаанаар үйлдсэнийг хараахан тодорхой болгоогүй байгаа юм. Ямартай ч, эдүгээ Моралесын нууц хүүтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаад буй аж. Сэжигтнүүд хэн болох талаархи мэдээлэл мөн нууцлагдмал байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн экс найз бүсгүй Габриэла Запатагийн ойрын хүмүүс байсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. Мөрдөн байцаах албаныхны мэдээлснээр ганц бие Ерөнхийлөгч хуучин найз бүсгүй Габриэла Запататай хамтран амьдарч байхдаа нэг хүүтэй болж байсан ч, 2009 онд хүү нь зуурдаар нас барж байжээ.
Боливийн уугуул иргэдээс гаралтай анхны Ерөнхийлөгч гэгддэг Моралес ч хүүтэй болж байсан гэдгээ баталсан ч, төрөөд удалгүй нас барсан хэмээн мэдэгдсэн байна.
Харин Запата бүсгүй өмнө нь хүүгээ амьд гэдгийг тодотгож байсан ч, сүүлийн үед уг мэдээллээ өөрчлөх болжээ. Запата Хятадын инженерийн CAMC гэх компанид менежерээр ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд Ерөнхийлөгчтэй дотно харилцаагаа ашиглан 560 мянган ам.долларын хөрөнгө бүхий гэрээ байгуулсан нь асуудал үүсгэж шүүхэд дуудагдаж байсан юм. Үүгээр ч зогсохгүй энэ хэргийн улмаас Ерөнхийлөгч Моралесын дөрөв дэх удаагаа нэр дэвшихийг нь зөвшөөрөх эсэх асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга хүртэл явуулж, улс төрийн замналд саад учруулж байв.
Үүний улмаас 2006 оноос хойш Ерөнхийлөгчийн албыг тасралтгүй хашиж ирсэн тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон бүх нийтийн санал асуулгад ялагдал хүлээж, дахин нэр дэвших эрхгүй болсон. Түүний энэ удаагийн бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусах юм. Дашрамд дурьдахад, шинээр гарч ирсэн хүүтэй холбоотойгоор Боливийн Ерөнхийлөгч эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн ч, хуучин найз бүсгүй нь эрүүл мэндийн ажилтнууд хуурамч дүнг гаргаж болзошгүйг анхааруулж байв.