Таван хувийн хүү ба 180 мянган өрхийн хүлээлт
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс улбаатай орон сууцны зээлийг гацаанаас гаргахаар УИХ-ын гишүүд болоод Засгийн газар санал нэгдлээ. Одоогийн байдлаар ипотекийн зээлтэй холбоотой хоёр ч хуулийг УИХ-д өргөн бариад буй юм. Ингэснээр иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан ипотекийн зээлийг сэргээж, шинэ төвшинд авч үзэх нөхцөл бүрдсэн гэсэн үг. Улстөрийн өнцгөөс нь авч үзсэн ч ирэх зуны сонгуулиас өмнө Төрийн ордоны дугуй танхимд суугаа нөхөд энэ хуулийг батлах өндөр магадлалтай байгаа юм. Тэр цагт сонгуульд амжилт олно гэж бодсон байж ч болох. УИХ-ын дарга З.Энхболдын хэлж буйгаар орон сууцны зээлтэй холбоотой ойлгомжгүй байдлыг УИХ уламжлалт сар шинийн баяраас өмнө цэгцлэх төлөвтэй. Гэвч энэ мэт байдлыг алгасч, улстөржүүлэлгүй ойлгох олон шалтгаан буйн нэг нь орон сууцны зээлийн хүү таван хувь болох тухай таатай мэдээлэл юм. Онолын хувьд авч үзсэн ч инфляц хоёр оронтой тоонд байхад орон сууцны зээлийн хүүг нэг нэг оронтой тоо руу шилжүүлж чадсан. Тийм байхад инфляц гурван хувиас бага төвшинд хүрсэн тул зээлийн хүү буурах зүй тогтолтой. Энэ талаар ч Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал боломжтой тухай ярьсан. Цаашлаад ч намын бүлгүүд, судлаачид тодорхой байгаа нь зүй тогтолтой санал нэгдсэн нь өнөөгийн нөхцөл байдалд хамгийн том давуу бол болж байгаа юм. Өөрөөр хэлбэл орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох эсэх яриа эсэргүүцэлтэй маш бага тулгарна гэсэн үг. Мөн төдий чинээ төрийн зүгээс шаардлагатай байгаа шийдвэр нь хурдан гарах учиртай.
Тэгвэл орон сууцны эрэлт талаас нь харвал одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 204 мянган айлын орон сууц шаардлагатай. Үүнээс өнгөрсөн оны сүүлээр 189 мянган өрх нь орон сууцанд амьдрах хүсэлтэй байгаагаа ямар нэгэн байдлаар илэрхийлжээ. Мөн өмнө мөрдөж байсан зээлийн нөхцөл буюу найман хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд хуримтлал үүсгээд байгаа 64 орчим мянган өрх улсын хэмжээнд байгаа юм. Зөвхөн энэ баримтаас харахад 125 мянган өрх орон сууцанд амьдрах мөрөөдлөө хэдэн жил тээж явах нь тодорхойгүй байгаа гэсэн үг. Мөн өнгөрсөн хугацаанд найман хувийн хүүтэй орон сууцны зээл эрэлттэй байсан нь үнэн боловч эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөлд 30 хувийн урьдчилгаа төлөх иргэдийн тоо шавхагдсан. Ийм л учраас ипотекийн зээлийн шинэ журам гаргах шаардлага зайлшгүй тулгараад байгаа юм. Ийм цаг үед УИХ-аас зээлийн хүүг таван хувь хүртэл буруулбал орон сууцанд орохыг хүссэн ч арилжааны банкуудын шалгаварт тэнцэхгүй байгаа 125 мянган өрхийн тодорхой хувийн мөрөөдлийг биелүүлэх боломж бүрдэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Яг одоо 18 мянга орчим өрх найман хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ хууль нь найман хувийн зээлийг үргэлжлүүлэх, гацаанаас нь гаргах л хуулийн төсөл юм. Хуулийн төсөл батлагдчихвал иргэд найм биш таван хувийн хүүтэй зээлд хамрагдаад явах боломж бүрдэнэ” гэсэн.
Хэрэв тэдний боломжтой хэмээн үзээд байгаа таван хувьд хүрэх юм бол орон сууцны 80 ам.метр талбайн хязгаар тэлж, өрхийн сарын орлого сая төгрөг давсан байх ёстой гэдэг босго намсах учиртай. Цаашлаад хагас сая төгрөгийн өрхийн орлоготой өрх 40 ам метр талбайтай орон сууцыг зээлээр авч болох нөхцөл бүрдэнэ. Өнгөрсөн оны сүүлийн мэдээгээр 47.500 иргэн ипотекийн зээлд хамрагджээ. Тэд сард дунджаар 600 мянган төгрөг төлдөг. Харин зээлийн хүү таван хувь болж буурвал сарын орлого 100 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байна. Мөн найман хувийн зээлд өмнө нь хамрагдсан иргэдийг таван хувь руу оруулахгүй барих хуулийн заалт одоогоор байхгүй. Тиймээс маш товчхондоо найман хувийн зээл авсан иргэд ч таван хувь болгон хүүгээ бууруулах өргөн боломж бүрдэх юм. Энэ бүхэн мэдээж иргэдэд ашигтай.
Урьдчилгаа төлбөр 10 хувь болсон цагт...
Үнэндээ өнгөрсөн зунаас хойш өдийг хүртэл орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувь болох тухай хүлээлт иргэдийг зовоолоо. Одоо ч энэ байдал дээрдсэн шинжгүй. Гэтэл бодит байдал дээр 10 хувийн урьдчилгаа гэдэг хүсэн хүлээгээд байх үр дүн биш юм. Маш товчхондоо З.Баянсэлэнгэ сайдын ярьж байгаа шиг 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж чадахгүй байгаа олон өрх байртай болчих юм биш. Учир нь арилжааны банкуудаас тавих шаардлага найман хувийн зээлийн босгоос ч өндөрсөх учиртай. Тухайлбал 30 хувийн урьдчилгаа төлж, найман хувийн зээлд хамрагдсан иргэн сард 600 мянган төгрөг төлдөг байсан бол 10 хувь болж буурснаар 800 мянган төгрөг төлөх шаардлагатай болж байна.
Үүнийг дагаад өрхийн орлогын хэмжээ дээшлэх нь ойлгомжтой. Хамгийн энгийн аргачиллаар бодож үзэхэд найман хувийн зээлд хамрагдахын тулд 1.2 сая төгрөгийн өрхийн орлоготой байх журамтай байсан бол урьдчилгаа төлбөрийг 20 хувиар бууруулснаар өрхийн орлого 1.4 саяас дээш болж өсөх юм. Тэр цагт ипотекийн зээлийн журамд байх өрхийн орлогын 45 хувиас илүүгүй төлбөрийг сар бүр төлөх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ цагт хатуухан хэлэхэд барилгын салбарт "Стоп кран” татсан үзэгдэл болох юм. Харин иргэн, арилжааны банк хоёрын сонирхолыг нэгтгэж, урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох хувилбар бололцоотой тухай ч албаныхан ярих болсон. Үнэндээ энэ байдал ч сайн үр дүн авч ирэхгүй. Харин иргэнээс гарах мөнгө нь 20 хувь болж, төрөөс үлдсэн 10 хувийг нь төлөх хувилбар бол байж болох юм. Гэвч энэ тухай ярихад эрт. Учир нь улсын төсөв баталсан тул шаардлагатай байгаа 20 тэрбум төгрөгийг гаргах боломж байхгүй.