Л.Эрдэнэчимэг гишүүн бичлэгээ үзээ ч үгүй хэмээн “мэлзэв”
Сонгуулийн шийдвэрлэх мөч ойртохын хэрээр сенсацитай зүйлс дэлгэгдэх нь улам ихсэх бололтой. Өнөөдөр гэхэд, УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг албаны өрөөнд архидан согтуурсан байдалтайгаар тамхи татан "томорч” буй бичлэг цацагдан шуугиан тариад байгаа билээ.
Энэхүү бичлэгийг СХД-ийн 72-р тойрогт Л.Эрдэнэчимэгтэй өрсөлдөхөөр бие даан нэр дэвшээд байгаа "Ийгл” ТВ-ийн сэтгүүлч Т.Алтаншагай, 71-р тойрогт бие даан нэр дэвшиж буй, "Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар нийтэд дэлгэн тавьсан бөгөөд тэдэнд уг бичлэгийг өгсөн "хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” нь УИХ-ын гишүүн Г.Уянга гэх яриа гадуур дэгдээд байна. Хэрэв энэ шуум үнэн бол Г.Уянга гишүүн хамт "шоудсан” найзаа хөнтөрсөн, хамгийн ханилгаагүй нөхөр болж, согтуу Эрдэнэчимэгээсээ ч шог сэтгэгдэл төрүүлэхээр.
Халамцуу согтуугийн хувьд бол, гайхан шагшраад байх зүйл алга. Тэртэй тэргүй хүн л болсон хойно ууж идэх явдал хэнд ч байдаг асуудал. Харин "Тамхины хяналтын тухай” хууль санаачлан батлуулсан эрхэм гишүүн маань албаны өрөөндөө тамхи татаад даналзаад сууж байгаа нь л ихэд хачирхалтай санагдсаныг нуух юун.
Дараахан нь түүнээс тодруулга авахаар баахан сэтгүүлчид очсон хэдий ч төдийлөн тоймтой тодорхой мэдээллийг авч чадсангүй. Гайтай тэрхүү бичлэгийн талаар ч эрхэм гишүүн ямар нэгэн тайлбар хийхгүй гэдгээ мэдэгдэн, бичлэгээ үзээ ч үгүй хэмээн илт "мэлзэв”. Тэр яригдаад буй 50 сая төгрөгийг ч эртний анд Х.Бат-Ялалт-д сонгуульд нь хэрэглүүлэхээр зээлүүлсэн гэж мэдэгдэв. Хэрэв энэ нь үнэн бол Х.Бат-Ялалт бас л "адгийн новш" болж таарах нь.
Юутай ч, өнөөдрийн хамгийн шуугиант сэдэв бол Л.Эрдэнэчимэг гишүүн байлаа. Харин маргааш хэн гэгч эрхэм, хэрхэн шуугиулахыг таахын аргагүй...
Д.Мөнхөө
Эх сурвалж: ZONE.MN