“Зэс Эрдэнийн Хувь” ХК төслөө эхлүүлж хувьцаа эзэмшигчиддээ зориулсан “Хөгжлийн Төв”-ийн барилгын ажлаа эхлүүллээ
Өчигдөр буюу 6-р сарын 15-ны өдөр тус компаний оффис, спорт цогцолбор бүхий "Хөгжлийн Төв” хэмээх барилгын ажлын шав тавих ёслолын ажиллагаа болсон юм. Барилгын ажлын нээлтэнд хувь эзэмшигч маш олон иргэд баг, сумаа төлөөлөн оролцож ард түмний нэгдэл хичнээн хүчтэй, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд цаг хугацаа хичнээн шаардлагатай ч хэзээ нэгэн цагт хүрч болдгийг харуулсан үйл явдал боллоо.
Ёслолын үеэр олон жилийн хөдөлмөрийн үр дүн болох бүтээн байгуулалтынх нь ажил ийнхүү хөрсөн дээр бууж, ажил хэрэг болж байгаад баярласан хувьцаа эзэмшигч ард иргэд, ирсэн зочид алга ташин уухайлж байсан юм.
Тэртээ 2010 оны 6-р сард иргэдийг нэгтгэн байгуулж байсан компани өдгөө зургаан жилийн хугацаанд 44,000 хувьцаа эзэмшигчтэй болжээ. Энэ хугацаанд тэд хамгийн том саадтай нүүр тулсан ч шантралгүйгээр өдийг хүртэл явж, үйлдвэрээ 2017 онд ашиглалтанд оруулж олон хүнийг ажлын байраар хангахад бэлэн болжээ. Эдгээр хувьцаа эзэмшигчдээс ирээдүйн технологийн инженер, баялаг бүтээгчид төрөн гарч өөрсдийн бүтээсэн үйлдвэртээ ажиллана гэдэгт итгэлтэй байна.
"Зэс эрдэнийн хувь” ХК-ий энэхүү эхний бүтээн байгуулалт нь хувь эзэмшигч Эрдэнэтчүүдээ чөлөөт цагаа зөв өнгөрөөж, урлаг спортоор хичээллэж, мэдээ мэдээллээр хангагдахад нь зориулагдсан олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор бүхий 2300м2 талбайтай 2 давхар барилгын ажил юм. Уг барилгын 2-р давхрыг сургалт сурталчилгаа явуулах танхим, оффисын зориулалтаар тохижуулах ажээ.
Энэ ажилд зориулж төслийг хэрэгжүүлэгч "Blue Mon” компани нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Барилгын ажил явагдахад хамгийн чухал нь хөрөнгө оруулалт байдаг гэдгийг гүйцэтгэгч компани дурдаж, энэ төслийн ажлын хөрөнгө оруулалт нь шийдэгдчихсэн учраас барилгын ажил явагдахад ямар ч саад бэрхшээл гарахгүй гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ.
Компаниас хэрэгжүүлж буй төслийн ажлын удирдагчаар "Зиг Заг Дизайн” ХХК ажиллаж, "Тэнгэрийн Хишиг” ХХК гүйцэтгэж энэ оны 9-р сард барилгын ажлыг дуусган хүлээлгэж өгөх юм байна. Тэдний ажилтай, орлоготой болно гэсэн итгэлийн үндсэн дээр цэцэглэж буй энэхүү ажилд тус компаний хувьцаа эзэмшигчдээс гар бие оролцон ажлын байраар хангагдаж байгаа юм.
"Зэс Эрдэнийн Хувь” хувьцаат компаний үйл ажиллагаанд бас нэгэн дэмжлэг болж байгаа нь Орхон аймгийн удирдлагууд бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд ч хэлтэс, агентлагийн удирдлагууд хүрэлцэн ирж энэхүү төслийг дэмжин ажиллахаа илэрхийлж, хүндэтгэлийн тайзнаас хувьцаа эзэмшигчдэд баяр хүргэсэн юм.
Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн энэхүү төслийн ажлыг дэмжин Цагаанчулуут багт байрлах 7А хорооллын нутаг дэвсгэрт 1800м2 газрыг тус компанид олгосон нь Эрдэнэтчүүдийн төдийгүй улсын хэмжээнд анхаарал татсан төслийн ажилд чухал дэмжлэг болж байгаа ажээ.
Etoim.mn
Сэтгэгдэл байхгүй байна.