“Спа” цэвэр усыг худалдан авахгүй байхыг онцгойлон анхааруулав
НМХГ-ын улсын байцаагчид иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 579 тоот хашаанд байрлах "Хатан сувд” ХХК-ий үйлдвэрийн байранд түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа "Спа ватер” ХХК-ий савласан цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар үйлдвэрлэсэн "СПА” нэрийн 5, 18.9 литрээр савласан цэвэр ус нь "Үйлдвэрлэх зөвшөөрөл бүртгэлгүй үйлдвэрлэгдэн зарагдаж байсныг илрүүлжээ. Тус нэрийн усыг үйлдвэрлэхдээ гүний худгаас шууд савлаж зардаг болох нь тогтоогджээ. Үйлдвэрт ус шүүх тоног төхөөрөмжүүд байгаа боловч нэгээс бусад нь эвдэрсэн, ажилладаггүй байжээ.
Түүнчлэн үйлдвэрийн барилгын дотор талын хана, таазны өнгөлгөөнүүд, шалны плита хуурч, ховхорон, эвдэрч гэмтсэн, дүүжин таазыг зориулалтын бус материалаар хийсэн, үйлдвэрлэлийн технологийн илүүдэл ус зайлуулах трап хоолойн шүүр, эвдэрч хэмхэрсэн, шалаар ус ихээр тунасан, хана шалны уулзварын өнцгийг буруу шийдсэн, бүх гэрэлд бүрхүүл хийгээгүй, зохиомол гэрэлтүүлэг /68-140 люкс/ хангалтгүй, тоног төхөөрөмжийн эд анги зэвэрсэн, бэлэн бүтээгдэхүүний агуулахгүй, түүхий эдийн агуулах вандан тавиургүй, тохижуулаагүй, хана, шал зориулалт бус, эвдэрч, хөгцөрсөн, эмх цэгц хангалтгүй, температур, чийгийг хянах төхөөрөмжгүй байна. Мөн усны баллон, хуруу шилний үүсэл тодорхойгүй, техникийн баримт бичиг дутуу, усны сав баллоныг угаах цэвэрлэх ариутгал хийх байдал хангалтгүй, баллоныг шалан дээр тавьсан, бохирын худагны таг эвдэрсэн ил, 5 литрийн усны савыг угааж, цэвэрлэдэггүй, баллоны цэвэрлэгээ хангалтгүй ;
-Ажиллагсадын ариун цэвэрт хяналт тавьж бүртгэл хөтөлдөггүй, ариун цэврийн өрөө ажиллахгүй, гар угаах цэггүй, халуун усгүй, ариутгалын бодисоор бүрэн хангагдаагүй, бохирын трапыг хуваарийн дагуу цэвэрлэж халдваргүйжүүлдэггүй, угаалгын шланк, хоолойны үзүүрийг /зэвэрсэн трубанд шургуулах, бохирын худагны хажууд шалан дээр тавидаг/ дүрэм зааврын дагуу байршуулаагүй;
-Ажиллагсдыг ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулаагүй
-Ажиллагсдын ажлын байрандаа хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа эсэхийг тогтмол хянадаггүй, холбогдох бүртгэлгүй;
-Хогийн савыг төрөлжүүлээгүй, таних тэмдэггүй, гадна байрлах хогийн цэгт хог хаягдал ихээр овоорч, ил задгай асгасан, үйлдвэрлэлийн гадна орчны тохижилт хангалтгүй ;
-Бүтээгдэхүүн борлуулалтын бүртгэлд мэдээллийг бүрэн тусгаагүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй;
-Зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг устгах, дахин боловсруулах журамгүй, бусад бүтээгдэхүүнээс тусад нь хадгалах агуулахгүй зэрэг Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартуудын хэд хэдэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.
Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Хүнсний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дах заалтуудыг үндэслэн "Спаватер” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн байна. Тус үйлдвэрийн үйлдвэрлэсэн усыг худалдан авахгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулж байна.
Б.ЦЭЛМЭГ
medee.mn
URL: http://www.fact.mn/275302.html
Сэтгэгдэл байхгүй байна.