Р.Ням-Очир: Баянхошуугаа байшин хороолол болгоцгооё

0

Р.Ням-Очир: Баянхошуугаа байшин хороолол болгоцгооё

 УИХ-ын 2016 оны сонгуулийн 74 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7,9, 24,25 дугаар хороонд Иргэний хөдөлгөөний намаас Ринчинлхүмбийн Ням-Очиртой нэр дэвшин өрсөлдөж байна. Залуу хүний эрч хүч, оргилуун хүсэл, хуримтлуулсан туршлага нь яах аргагүй үлгэр жишээ болохоор нэгэн. Түүний хувьд өөрийн өсөж төрсөн газраа бусдыг зорин очдог, иргэдийн ая тухтай амьдрах орчинтой бий болгохын төлөө ажиллаж, зүтгэж яваа нэгэн юм. Баянхошуугаа байшин хороолол болгох зорилготой. Түүнтэй цөөн хором ярилцлаа.


 -Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний бие 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийнхний хэлдгээр хотын хөдөө гэж нэрлэдэг баян хошуунд өсөж, хүмүүжсэн. Нийслэлийн 10 дугаар  бүрэн дунд сургуулийг төгссөн. Харин ШУТИС-ийг Сансрын геодези, астрономийн ангийг төгсөж бакалавр эзэмшсэн. Их сургуулиа төгссөн жилээ сургуульдаа өөрийнхөө төгссөн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Мөн 2008-2010 онд Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын ангиар төгссөн.

-Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?

- ШУТИС-ийг Сансрын геодези, астрономийн ангийг төгсөөд Геодези зурагзүйн "Геоид” ХХК-д туслах ажилтнаас ажлын гараагаа эхлүүлж байв. Туслах ажилтнаас гараагаа эхэлсэн би удахгүй инженер болсон. Мөн Газарчин дээд сургуульд Геодизийн багшаар хэсэг хугацаанд ажилласан. Ингээд 2009 онд барилга угсралтын "Оюут Констракшн " ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж эхэлсэн.




 

-Таны хувьд 2012-2016 онд СХД-ийн ИТХ-ийн тэргүүлэгчээр ажиллаж байна. Ямар учраас УИХ-д нэр дэвшин өрсөлдөхөөр болсон болов?

 -Миний бие дээр хэлсэнчлэн унаган Баянхошууны хүүхэд. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Баянхошуу маань яг л нэг хэвийн байдлаар өнөөдрийг хүрлээ. Хотын захын дүүрэг гэдэг нэршилтэй. Сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу. Гэр хороололд байдаг маш олон бэрхшээлүүд баян хошуунд хаяглагдаж байна. Энэ бэрхшээлүүдийг арилгахын тулд УИХ-д нэр дэвшин өрсөлдөж байна.

-Парламент бол хууль тогтоох төрийн дээд байгууллага. Та УИХ-ын гишүүнээр сонгогдвол хамгийн эхлээд ямар хуулиуд дээр ажиллах вэ?

 -Нэгдүгээрт, ахмадуудаа ая тухтай амьдрах нөхцөл боломжоор нь хангах хэрэгтэй. Тэд тэтгэврээ аваад наад захын хэрэгцээгээ хангадаг болоход Нийгмийн даатгалын хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна. Мөн иргэд эмнэлэгт очоод эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ, үйлчилгээ авдаг болох эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр аль ч эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаараа бүрэн үйлчилгээ авч чадахгүй байгаа шүү дээ. Энэ бол эрүүл мэндийн даатгалын хууль дутуу дулимаг байгаатай холбоотой. Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дагалдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Хуулийн дагуу өршөөлд зөвхөн акулуудад хамрагдсан. Нэг ч гэсэн компани хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ өршөөлд хамрагдах ёстой хамгийн гол хүчин зүйлийг өнөөдрийг хүртэл орхигдуулсан. Миний хувьд хууль санаачлах эрхтэй болбол үүнийг засаж залруулахын төлөө ажиллана. Энэ нь Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хүрээнд зээлжих эрх буюу зээлийн түүхийг өршөөлд хамруулах асуудал. Монгол Улсад 950 орчим зээлтэй хүмүүс байна. Малчны, тэтгэврийн байрны, цалингийн гээд иргэдийн ихэнх нь зээлтэй. Эдгээр зээлтэй хүмүүсийн 20 орчим хувь зээлийн муу түүхтэй буюу Монгол банкны мэдээллийн санд муу зээлийн ангилалд орчихсон. Хэдийгээр иргэд муу зээлтэй гэдэг ангилалд орсон ч ямар нэг аргаар зээлээ төлдөг. Гэвч зээлээ төлсөн ч Монгол банкны мэдээллийн санд зээлийн муу түүх нь үлддэг. Жишээлбэл, нэг бизнес эрхлэгч муу зээлийн түүхтэй болчихсон. Гэтэл дараа нь дахин зээл авахаар банканд хандахад "та Монгол банкны мэдээллийн санд муу зээлийн түүхтэй байгаа учраас зээл олгохгүй” гэдэг. Би өөрөө бизнесийн салбарт ажиллаж, амьдардаг хүний хувьд энэ асуудалтай тулгарч байгаа олон олон жишээг мэднэ. Муу зээлийн ангилалд орсноос болж тухайн бизнес эрхлэгч болоод иргэд маш олон боломжоос хоцордог. Тэгэхээр эдгээр хүмүүсийг дараа дараагийн зээлээ авч бизнесээ өргөжүүлэхэд дээрх муу зээлийн ангилал маш их хүндрэл учруулдаг. Тийм учраас юун түрүүн Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хүрээнд муу зээлийн ангилалд орчихсон хүмүүсийн түүхийг өршөөх хэрэгтэй.

 -Таны уриа Баянхошуугаа байшин хороолол болгох гэсэн байна. Гэр хорооллыг орон сууцжуулах олон янзын төсөл хөтөлбөрүүд байгаа. Таныг тэднийхээр ямар ялгаатай вэ?

 -Дахин төлөвлөлтийн асуудлаар олон зөв зүйтэй санаачилга гарган ажиллаж байна. Сайн хэрэг. Энэ ажилд нэгдүгээрт, эдийн засгийн хямрал хоёрдугаар, моргейжийн зээлийн асуудал саад болж байна. Миний хувьд "Баянхошуугаа байшин хороолол болоосой” гэж хүсдэг. Баянхошуунд амьдарч байгаа иргэдийн зүгээс хямд өртөгтэй байшин барих боломж байна. Байшин хороололтой болсноор бид гэр хорооллын асар олон бэрхшээлээс холдож чадна. Мөн үүнийг дагаад барилгын материалын үйлдвэрлэлүүд хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ.  Иргэд ажилтай, орлоготой болж амьдралаа дээшлүүлэх боломжтой болно. Баянхошуунд 30 мянган айлын байшин хороолол бий болгох төсөл хэрэгжүүлэх боломж бий.

-Төслийг хэрхэн хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

 -Айлуудын газрыг өөрсдийн нэр дээр нь үлдээгээд бүтээн байгуулалт хийдэг Катар улсын туршлагыг суурьшуулах хэрэгтэй. Миний хувьд энэ туршлагыг өөрийн биеэр харж, судалсан. Айлуудын газар дээр маш гоё цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байгаа юм. Тэр цэцэрлэгт хүрээлэндээ тухайн газрын эзний нэртэй мод тарьсан байсан. Өөрөөр хэлбэл энэ нь газрын эзнээс газрыг нь бүрмөсөн хурааж аваагүй, газрын эзэн эзэмшсэн хэвээрээ гэсний баталгаа юм. Манайх ч гэсэн энэ туршлагыг ажил хэрэг болгох ёстой. Сонгож авсан хэсэгтээ 40-50 айлын газрыг шинэчлэн зохион байгуулаад иргэдийг тавь тухай, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрэн бүрдүүлэх боломж бий. Айлуудын газар дээр орон сууц, эмнэлэг сургууль, цэцэрлэгт хүрээлэн гээд л бүхий л ая тухай амьдралын орчныг бүрдүүлсэн байна.

 




 -Эдийн засгийн хямрал дээрх төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх хэрэгтэй гэж харж байна вэ?

-Бид байгалийн баялгаа ашиглаж, энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүхий эдийн үнэ байнга унахгүй. Нүүрсний экспорт нэмэгдсэн сайн мэдээ байна. Түүхий эдийн сэргэлтийн үед бид асар их хөрөнгийг үнэгүй зарсан. Одоо харин уул уурхайгаас олсон энэ хөрөнгийг гэр хорооллоо барилгажуулахад зориулах хэрэгтэй. Ингэснээр бид нийслэлд тулгамдаад байгаа маш олон асуудлаас гарна гэдгийг бүгд ойлгож, мэдэж байгаа.

 -Сонгогч түмэндээ хандаж та ямар үг хэлмээр байна?

- Хамтдаа Баянхошуугаа Байшин хороолол Болгоцгооё. Төр улсаа ихээр, Түмэн олноо эвээр засах хариуцлагын хувьсгалыг хэрэгжүүлэхэд минь дэмжээрэй.

 
Эх сурвалж:  Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Р.Ням-Очирын сонгуулийн штаб

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.