Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй хатуу тэмцэхийг уриаллаа
Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүхий л хэлбэрийг үндсээр нь устгах хэрэгтэй гэж Куба улс дахин мэдэгдлээ.
Женев дэх Кубын суурин төлөөлөгчийн зөвлөх Клаудиа Перес хэлэхдээ "Харамсалтай нь, дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж, зовж шаналж байна” гэв. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 32 дахь хуралдааны хүрээнд зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр К.Перес үг хэлсэн юм.
"Хүний наймааны хохирогч болох 2.5 сая хүний 90 орчим хувь эмэгтэйчүүд байна. Мөн зэвсэгт мөргөлдөөний хохирогчдын 90 орчим хувь энгийн номхон иргэд, тэдний дотор дийлэнх нь охид эмэгтэйчүүд байна” гэж Перез онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр цааш ярихдаа "мөргөлдөөний улмаас дүрвэн дайжсан хүмүүсийн 75 гаруй хувь, дэлхий дээрх 2.7 тэрбум ядуусын 70 хувийг охид эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч боломгүй” гэв.
Мөн урьдчилан сэргийлэх боломжтой хэдий ч төрөхийн хүндрэлийн улмаас жил бүр 300 мянга гаруй эмэгтэй хорвоог орхиж байна гэж тэрбээр хэллээ.