“Ил-76”-гийн осол техникийн сааталтай холбоогүй гэв
Оросын "Ил-76” нисэх онгоц техникийн саатлын улмаас осолдоогүй болохыг уг онгоцны хар хайрцаг дахь мэдээллүүд харуулж байна.
Энэ нисэх онгоц техникийн доголдлын улмаас сүйрээгүй болох нь тогтоогдсон гэж Оросын Онцгой байдлын сайд Владимир Пучков өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ "нислэгийн мэдээлэл бичигч төхөөрөмжийн мэдээллийг хуулан авсан. Онгоцны техникийн системүүд бүгд хэвийн ажиллаж байсан” гэв.
Иргэний агаарын тээврийн аюулгүй байдалд хяналт тавьдаг Муж хоорондын иргэний агаарын тээврийн хороо уг онгоцны ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөрдөн шалгалтын дүнг удахгүй олон нийтэд танилцуулах аж.
"Ил-76” онгоц өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Оросын Эрхүү хотод гал унтраах ажиллагаанд оролцож байх үедээ осолдсон юм. Нисэх багийн 10 гишүүн бүгд амь үрэгджээ.