Хэт их унтах нь нойр дутахаас ч аюултай
Орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн бага судлагдсан баялаг нууцтай сэдвийн нэг бол нойр. Хүнд яагаад хэрэгтэй байдаг, ажил амьдралд ямар нөлөө үзүүлдэг, яагаад зарим хүн нойроо дааж чаддаггүй байхад зарим нь унтаж ч чадахаа больдог вэ гээд нойрны тухай олон асуулт хариу нэхсэн хэвээр. Тэгвэл нойрны тухай хамгийн чухал асуултын хариуг олохоор Калифорни дахь Нойр судлалын төвөөс нэг сая хүний дунд судалгаа хийжээ. Хүн хэдэн цаг унтах ёстой вэ. Хүн хоногтоо хэдэн цаг нойрсч байж эрүүл саруул, эрч хүчтэй байх вэ, нойр дутуу явах эсвэл хэт их унтах нь эрүүл мэндэд нөлөөлөх үү гэсэн асуултын хариуг дээрх судалгааны дүнд олсон байна.
Хоногт 6.5-7.5 цаг унтаж амрах нь хүний эрүүл мэндэд яг тохирсон хэмжээ ажээ. Гэтэл энэ цаг хүний эрүүл мэндэд зохистой гэдгийг юугаар тодорхойлж байгаа юм бэ гэж уншигчид гайхаж магадгүй. Тэгвэл хэдий хугацаанд унтсанаар эрүүл мэндэд нь ямар эерэг болон сөрөг нөлөө гарсан бэ гэдгээр нь дээрх дүгнэлтийг гаргасан байна. Судалгаанд оролцсон нэг сая хүнийг ажиглахад хоногт наймаас дээш юм уу эсвэл зургаагаас бага цаг унтдаг хүмүүс бусдыгаа бодвол богино насалж байжээ. Өөрөөр хэлбэл хэт их унтдаг болон дандаа нойр дутуу явдаг хүмүүс тийм ч урт насалдаггүй нь судалгаанаас харагдсан байна. Ялангуяа хэт их унтах зуршил нь нь нойр дутуу явахаас ч аюултай бөгөөд хоногт 8.5 цагаас дээш унтах нь таван цаг унтдаг хүнээс илүү эрсдлийг эрүүл мэнддээ учруулдаг гэнэ. Хэт их унтдаг эсвэл нойргүйддэг хүмүүс сэтгэл гутралд автаж, таргалах нь түгээмэл байдаг бөгөөд нэлэнхүйдээ зүрхний янз бүрийн өвчин тусах өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг байна. Харин хоногт 6.5-7.5 цаг унтдаг хүмүүс бусдаасаа илүү эрүүл амьдарч, урт насалдаг учраас үүнийг унтахад яг тохирсон хугацаа гэж эрдэмтэд зөвлөж байна.
Нойр ой тогтоолтыг сайжруулна
Сайхан нойрсох нь хүний эрүүл мэндэд олон талын ач тустай. Үүнээс хамгийн чухлыг нь нэрлэвэл
- Урт наслах. Нью-Йорк дахь Рузвельтийн эмнэлгийн нойр судлалын эмч Ж.Рэймондын нотолсноор сайн унтаж амрах нь урт наслахын нэг үндэс болдог. Гэхдээ сайн унтана гэдэг нь үд болтол унтахын нэр биш бөгөөд зохистой хугацаанд гүн нойрсч, биеэ амраахыг хэлж байгаа юм шүү.
-Ой тогтоолт сайжрах. Хүнийг унтаж амарч байх үед ой тогтоолтын чадвар сайжрах процесс тархинд явагддаг байна. Тиймээс хэрэв гадаад хэл шинээр сурахаас эхлээд ямар нэгэн зүйлийг цээжлэх, ой ухаандаа тэмдэглэж авах хэрэгтэй байгаа бол ном шагайхын хажуугаар нойр алдахгүй байх нь чухал ажээ.
-Хавдрын эрсдлийг бууруулна. Сайн нойрсох нь зүрхний өвчин, диабет болон эрт хөгшрөх, даралт ихдэхээс сэргийлдэг. Харин дээрх өвчлөлүүд нь хавдар үүсэх гол шалтгаан болдог. Хоногт зургаагаас бага цаг унтдаг хүнд хавдрын эс илүү хурдан үүсдэг бөгөөд зүрхний шигдээсээр өвчлөх магадлал бусдаас өндөр байдаг. Үүнийг батлах жишээ бол нойргүйдэх
Өвчтэй хүмүүсийн дунд цусны даралт болон хавдраар өвчлөх тохиолдол өндөр байдаг явдал юм.
-Стресс тайлна. Нойр стрессийн төвшин бууруулдаг нь аль хэдийнэ судалгаагаар нотлогджээ. Учир нь, аливаа бухимдал, ядаргаанаас үүдсэн цусны даралт ихсэх явдлыг нойрсох үед хяналтад авдаг байна.
-Замын ослоос сэргийлнэ. АНУ-ын 2009 оны статистик мэдээллээр зам дээр нойрмоглож явснаас болоод осол гаргасан жолооч нарын тоо согтуу үедээ осолдсон хүмүүсээс хэд дахин илүү байжээ.
-Турна. Жингээ хасахыг хүсч байгаа бол эртхэн орондоо орохыг зөвлөж байна. Сайн унтаж амарснаар жин хаях нөхцөл 56 хувиар дээшилдэг байна. Нөгөө талаар нойр муутай явах нь өлсөх мэдрэмжийг илүү төрүүлдэг гэнэ.
Сурлагаа сайжруулахыг хүсвэл сайн унт
Сурлагын амжилт нойр хоёр холбоотой юу. "Нойр” хэмээх сэтгүүлийн 2010 оны дугаарт гарсан судалгаагаар бол унтаж амрах нь сурлагын чанарт нөлөөлдөг гэнэ. 10-16 насны сурагчдын дунд явуулсан судалгаагаар нойрны асуудалтай, тухайлбал, хурхирдаг, хэт их зүүдэлдэг, нойр муутай хүүхдүүдийн сурлага бусдаасаа сул байдгийг олж илрүүлжээ. Тэд анхаарал төвлөрүүлэхдээ муу, ой тогтоолт нь сайнгүй байжээ. Хүүхдүүд том хүнийг бодвол хэдэн цагаар илүү унтах ёстой бөгөөд хоногт наймаас доош цаг унтдаг хүүхдүүдэд ааш зан тогтворгүй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй зэрэг дутагдал илэрдэг байна.
Унтаж чадахгүй байвал орондоо хэвтэх хэрэггүй
Та хэр амархан нойрсдог вэ. Дэрэн дээр толгой тавьмагц унтаж чаддаггүй, удтал эргэж хөрвөөн хэвтдэг эсвэл бүр нойргүйдэх өвчтэй бол дараахь зөвлөгөөг уншаад үзээрэй.
Цаг бүү хар. Та унтаж чадахгүй хэвтэж байхдаа байн байн цаг хардаг уу. Тэгвэл цаг харж болохгүй. Хэрэв ханан дахь цаг нүдэнд ил харагдад байдаг бол нүднээс далд болгон нуу. Байн байн цаг харах нь "дахиж унтаж чадахгүй нь” гэсэн сэтгэгдэл төрүүлж, улам нойр хулжаадаг байна.
15 минутаас илүү хэвтэх хэрэггүй. Хэрвээ нойр хулжиж эргэж хөрвөөгөөд байвал 15 минутаас илүү хэвтээд хэрэггүй. Босоод нойр хүргэчихмээр ямар нэг зүйл хий. Ном унших, тухтайхан сандал дээр сууж юм нэхэх, оёх юмуу уйтгартай телевизийн хөтөлбөр үз. Хэрэв нойр хүрэхгүй байхад хэвтээд л байвал унтаж чадахгүй нь гэсэн зовнил улам бүр таныг зовоох болно.
Хурц гэрэлд бүү суу. Хэрвээ та угаасаа нойр муутай бол унтахаасаа хэдэн цагийн өмнө өрөөнийхөө гэрлийг багасгах юмуу унтрааж өөрийгөө амраахад бэлтгэх хэрэгтэй. Нойрны гормон болох мелатонин нь харанхуй үед илүү ялгардаг учир унтахын өмнө хурц гэрэлд байх нь буруу.
Оймсоо өмсөөд үз. Хэрэв хөлнөөсөө даараад унтаж чадахгүй байгаа бол зөөлхөн материалтай оймс өмсөөд үз. Хөлнөөсөө дулаан байх нь бөх сайхан нойрсоход сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар батлагджээ.
Сэтгэгдэл байхгүй байна.