Гэрийн нөхцөлд гуужуулагч хийх аргууд
Тогтмол гуужуулагч хэрэглэдэг бүсгүйчүүдэд хөгшрөлт удаан явагддагийг та мэдэх үү? Тиймээс энэ нь эмэгтэй хүн бүрт зайлшгүй чухал хэрэгцээтэй зүйл юм. Дараах мэдээллээс өдөр тутам хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнүүдээр байгалийн гаралтай гуужуулагч хийх аргуудыг сураад аваарай.
Хушга
Тараг, хушга хоёр нийлээд маш сайн гуужуулагч болдог. Хэрэв танд нунтагласан хушга олдохгүй байвал, 100гр хушгыг хэрчигчинд хийж жижиглээрэй. Дараа нь түүнийгээ ижил хэмжээний цэвэр тарагтай холь. Хушга таны арьсыг шинэчлэх ба тараг нь мөөгөнцөр, нянгийн эсрэг үйлчилгээтэй тул нүүрийг тань цэвэрхэн, сэргэг болгох болно. Мөн тараг нь сүүн хүчлийн бактераар баялаг тул таны хуурайшсан арьсыг эмчлэж, үрчлээнээс сэргийлдэг. Бэлтгэсэн гуужуулагчаа нүүрэндээ түрхээд 10-с 15мин байлгасны дараа хүйтэн усаар угаагаарай.
Овъёосны каш
Овъёосны каш бол гуужуулагч болгон ашиглаж болох бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүн юм. Үүнийг бэлтгэхдээ 3ц/х каш, 1ц/х зөгийн бал, чимх алимны цитроныг нэг аяганд хийж холь. Энэ наалдамхай холимогийг нүүрэндээ тойрог маягаар түрхээд, 15мин байлгасныхаа дараа бүлээн усаар угаагаарай. Хэрэв гэр аргаар ийм скраб хийх боломжгүй байвал гадуур зарагддаг гуужуулагчуудаас овъёосны найрлагатайг сонгоорой. Энэ нь таны нүүрний цусны эргэлтийг сайжруулж, эсийг шинэчилж, зөөлрүүлэн эрч хүчийг өгөх болно.
Давс
Давс бол гал тогооны салшгүй нэг хэсэг. Үүнийхээ хажуугаар бидний арьс арчилгаанд ч чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Энэхүү давстай гуужуулагчаар биеийнхээ арьсыг шинэчлээрэй. Энэ скраб нь үхсэн эсийг гуужуулж, цусны эргэлтийг сайжруулан арьсыг маш сайн зөөлрүүлдэг. 1 аяга давсыг, 1 аяга оливийн тостой холиод таны скраб бэлэн болно. Хүсвэл чийгшүүлэх үйлчилгээтэй абрикосны эфирийн тос нэмээрэй.
Хэрэв таны скраб жаахан урсамтгай болоод байвал, дээр нь дахиад жаахан давс нэмж тэнцвэржүүл. Мөн биендээ түрхчихээд илүү гарвал хөргөгчинд хийж хадгалаад дараа нь дахиж хэрэглэх боломжтой.
Элсэн чихэр
Элсэн чихэр бол арьс шинэчлэгч шилдэг бүтээгдэхүүн. Энэ нь арьсны үхсэн эд эс, хатуу давхаргыг зөөлөн гуужуулж, дээд зэргийн зөөлөн, шинэ арьсыг цаанаас нь гаргаж ирдэг. Элсэн чихрийн скрабууд дэлгүүрт зарагддаг боловч, хүсвэл өөрийн гараар ч хийж хэрэглэж болох юм. Үүний тулд 200гр элсэн чихэр, 200гр глицерин эсвэл өөр төрлийн тосыг хооронд нь холино. Хэрэв арьсаа гуужуулхынхаа хажуугаар эмчилмээр байвал зуун настын гел/aloe vera gel/ хэдэн дуслыг хийж болно. Мөн сайхан үнэр оруулмаар байвал хэдэн дусал эфирийн тос нэмээрэй. Бүх найрлагыг сайтар холиод, гаран дээрээ бага зэргийг авч байгаад нүүрэндээ тойрог хэлбэрээр массажлаж түрхэнэ. 5мин орчим болоод угаа. Элсэн чихрийн скрабыг зөвхөн нүүрэндээ ч биш, бүх биендээ түрхэж болно. Гол нь элсэн чихэр, тос хоёрынхоо хэмжээг тэнцүү байлгах нь чухал.
Ногоон цай
3а/х элсэн чихэр, 1ц/х ногоон цай, биеийн шингэн тос танд хэрэг болно. Аяганд ногоон цайны идээгээ хийгээд, дээр нь 1/3-аар халуун ус хийнэ. 2мин орчим байлгаж хөргөөд өөр нэг саванд биеийн шингэн тосоо хүссэн хэмжээгээр хийгээд, дээр нь 1 халбага элсэн чихэр хийж хутгана. Дараа нь өмнө нь хандалсан цайнаасаа 1а/х-г дээр нь асгаад, дахиж хутгаарай. Хутгангаа үлдсэн хоёр халбага элсэн чихрээ бага багаар нь хийж зуурмаг болгоно. Арьсаа чийгшүүлмээр байвал дээр нь зөгийн бал, цэвэрлэмээр байвал лемоны шүүс, зөөлрүүлмээр байвал тараг нэмж болно. Бэлэн болсон скрабаа хөвөнгөөр нүүрэндээ түрхээд, 1-с 2минутын дараа угаа.
Ногоон цай нь антиоксидантаар баялаг учраас арьсыг гуужуулахаас гадна хамгаалж, тэжээл өгдөг юм. Мөн мэдрэмтгий, батгашилттай арьсанд маш сайн тохирдог.
Etoim.mn
Сэтгэгдэл байхгүй байна.