Шүүхэд сонгуулийн 792 маргаан иржээ
Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үер 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн маргаан өмнөх сонгуулиудаас өссөнийг онцлов. Энэ талаар Шүүхийн Судалгаа Мэдээлэл Сургалтын Хүрээлэнгийн захирал Ц.Мандах дэлгэрэнгүй мэдээл өглөө.
Шүүхэд ирсэн сонгуулийн үеийн маргааны дийлэнх хувийг сурталчилгаатай холбоотой зөрчил эзэлжээ. Тухайлбал сурталчилгаа явуулахдаа хууль зөрчсөн, сурталчилгааны самбар буулгасан зэрэг гомдол ирсэн байна. Мөн нэрсийн жагсаалттай холбоотойгоор сонгуулийн байгууллагын тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт их иржээ.
Улсын Дээд шүүхэд сонгуультай холбоотой 15 гомдол, хүсэлт ирснийг хянан шийдвэрлэж байна. Харин анхан болон давж заалдах шатны шүүхэд сонгуультай холбоотой 159 гомдол ирсэн байна. Үүний 90 хувийг буюу 140 хэргийг хянан шийдвэрлэжээ. Харин үлдсэн 10 хувийг одоо хянаж байгаа аж.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сонгуулийн маргаантай холбоотой 72 нэхэмжлэл ирснээс 66 хэргийг шийдвэрлэжээ. Мөн шүүхийн давж заалдах шатны шүүхэд 87 гомдол ирснээс 77-г нь шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх самбар авах, нэр дэвшигчдийн нэрийг гутаах зэрэг нийт 735 зөрчил хүлээн авчээ. Эдгээрээс 729 зөрчлийг шийдвэрлэсэн аж. Харин эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд 57 нэхэмжлэл хүлээн авснаас 44 хэргийг шийдвэрлээд байгаа аж.
Ц.Тэнгисболд
Сэтгэгдэл байхгүй байна.