Оюутолгой ам.долларын “цорго” биш
Оюутолгойн захирлаар ажиллаж байсан Эндрью Вүүдлэйгийн оронд "Рио Тинто” компанийн Хөнгөн цагааны салбарт ажиллаж байсан Армандо Торрес томилогдон ажиллах болсон хийгээд үүний цаана Оюутолгойн бодит байдал ба иргэдийн хүлээлтийн талаар өгүүлсэнээ үргэжлүүлж байна.
Оюутолгойн анхны гэрээ тааруухан ба манайд алдагдалтай болсныг ч эрх баригчид зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр ч энэ орд хэл амтай ба одоог хүртэл ашиг унац нь манайд наалдахгүй байгаа нь эхнээсээ л улстөржсөнтэй их, бага холбоотой гэдэгт дүгнэлт хийх цаг иржээ. Сонгуулийн барьцаанд Оюутолгойг татан оруулж бүгдээрээ гэнэт баяжих асар их хүлээлтийг бий болгосны гайд Оюутолгой бусад орд уурхайн жишгээр ердийн бизнесийн дүрэм зохицлоороо явах аргагүй болсон. Тэнд нэг монгол ажилчин ханиад хүрсэн ч Рио Тинто буруутай гэж жагсаж мэдэхээр туйлшрал ажиглагддаг.
Цаашдын хөрөнгө оруулалт, бусад том ордуудаа эргэлтэнд оруулахдаа Оюутолгойн энэ сургамжаа манай төр сайн ухаарч хөдлөх ёстой болов уу.
Ордод төр л хувь эзэмшвэл найдвартай баталгаатай гэсэн ойлголт ташаа болохыг харуулсан үйл явц Оюутолгой дээр 10-аад жил үргэлжилж байна. "Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг "Туркуаз Хилл” -ийн 50.5 хувийг Рио Тинто авснаар Монголын Оюутолгойтой хэтэвч нэг болсон. Манай тал 34 хувийг эзэмшиж байгаа гэхэд төсөв мөнгөний томоохон асуудлууд дээр хатуу хяналт тавих байдлаар л оролцдог гэж байгаа. Уурхайн бүх гүйцэтгэх эрх мэдэл, менежмент хөрөнгө оруулагчийн талд байгаа учир бид хянах хардах л оролцоотой гээд хэлчихэд хатуудахгүй.
Анхнаасаа төр 34 хувь эзэмшихийн оронд өндөр роялти аваад явсан бол эдийн засагт шууд буюу бодитой тусгалтай байх байсан гэдгийг хэлэх хүн олон. Ингэсэн бол өдгөө бид ядаж 34 хувьд ноогдох орлогоо зээлчихсэн гээд өртэй царайлаад сууж байхгүй байсан. Риогийнхон аль болох хэмнэлттэй ажиллахыг эрмэлзэж бид хатуу гэрээтэй Роялти татвараас төсвөө тордож, тэр хэрээр бүтээн байгуулалт хөгжлийн суурь өргөжих байсан. Энэ хоёр дахь хувилбар дээр одоо ч санаа алддаг хүмүүс олон. Энэ тал дээр тухайлан тэмцэж ирсэн С.Ганбаатар нарын улстөрчид хангалттай ярьж, чадлаараа тэмцсэнийг ч энд дурдах ёстой байх.
Оюутолгойг олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай компани болгохын төлөө холч хараатай бодлого бариасай гэсэн хүсэлтийг шинэ төр засагт цохмоор. Энэ том ордын баялгыг харилцан ашигтай нөхцөлөөр хүртэхээр яваа нэг зорилгоо бодсон ч, том ордын цараар дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэх төсөл эхлүүлснээ тооцсон ч танай, манай гэж туйлшрах эрх байхгүй гэдгийг уул уурхайн учир мэдэх хүмүүс сануулсаар байгаа. Нэгэнт ордоо барьцаалж дэлхийн банкуудаас мөнгө босголцсон тул Засгийн газар хөрөнгө оруулагчтайгаа нэг завин дээр суусан гэдэгтэй бид эвлэрэх хэрэгтэй болсон.
Төгрөгийн уналттай холбон хэлэхэд Оюутолгойгоос ам.доллар цутгаж, ногооны ханш бууна гэсэн хүлээлтийг ойрын жилдээ харалтгүй гэсэн бодит хариулт байгаа бол төр олон нийтэд хэлчихсэн нь дээр.
Одоохондоо Оюутолгой ам.долларын "цорго” биш харин сорогч болчихоод байгаа харагддаг. Бидний мэдэхээр гүний уурхайдаа 4 тэрбум ам.долларыг татчихаад байгаа. Гэтэл энэ ч бас нөөцөө бүрэн ашиглах баяжуулах үйлдвэрээ томсгоход хангалтгүй л гэж дуулдаж байна.
РиоТинто Оюутолгойн ил уурхайн экспортоос жилдээ гурван тэрбум ам.доллар олдог л гэж шуугиад байна. Гэтэл эргүүлээд нэг тэрбум ам.долларыг гадагшаа бензинд өгчихдөг. Эрчим хүчнийхээ талыг Хятадаас худалдаж авсан хэвээр л байгаа юм билээ. Энэ том уурхай хажуудаа хөглөрч байгаа түүхий тос, нүүрс, занарын нөөцийг ашиглаж чадахгүй л байна.
Бид ч дэндүү ядуугаар бэлэнчилж сэтгэхээ болих хэрэгтэй байгаа юм. Эдийн засаг дандаа ийм жижиг, хямралтай байхгүй. Ирээдүйд хэрэглээ нь хэд дахин нэмэгдэх эрчим хүч, бензин шатахууныхаа эх үүсвэрийг Оюутолгой гэсэн энэ том төслийн бөөрөнд нааж Рио Тиногоор хийлгэж үлдэх хэрэгтэй.
Манай улс нүүрсээр баян, 170 орчим тэрбум тонн нөөцтэй л гэдэг. Гэтэл занарын нөөц үүнээс долоо дахин их гэж байгаа. Нөгөө талд бензин түлш, эрчим хүчний хямд эх үүсвэрээ шийдэх шаардлага Оюутолгойд бий болж байгаа. Энэ хоёр шугам огтлолцоход л энэ ордоос бидний харж буй эдийн засгийн үр өгөөжийн чанар өөр болоод ирнэ. Их говьд бүтээн байгуулалт хийлгүүлж эрчим хүч, зам харилцаатай үлдэх том зургаар нь харах. Ингэхийн төлөө манай тал хөрөнгө оруулагчдаа нөлөөлөх, дэмжих бүх зүйлээ хийх цаг иржээ. Үүнийгээ олон нийтэд зөв харуулах шаардлага ч байна. Ер нь Оюутолгойн бүтээн байгуулалтыг өнөө, маргааш оруулах ам.доллараар хэмждэг сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Энэ нь эхлээд хөрөнгө оруулалтын орчинд явуулах төрийн бодлого зөв хандлагадаа орж, уул уурхайгаас, популизмийг улстөржилттэй нь хамт зайлуулахаас эхлэх ёстой байх.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
Сэтгэгдэл байхгүй байна.