Хүүг нь 26 удаа хутгалж амийг нь хөнөөсөн этгээдийг цагаатгасан талаар ээж нь мэдээлэл хийнэ
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Зургадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны орчимд 19 настай залууг 26 удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Амиа алдсан П нь ШУТИС-ын оюутан бөгөөд ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм.
Тэрээр хичээлийнхээ хажуугаар гар утас зардаг байсан бөгөөд түүнийг Архангай аймгийн харьяат Б гэгч гар утсыг нь худалдаж авна хэмээн "Приус” автомашиндаа суулган авч яваад, Бичлийн орчимд машин дотроо 26 удаа хутгалж амийг нь хохироосон гэдэг. Улмаар хүүгийн цогцсыг орон сууцны арк орчимд орхиод, "Өргөө” кинотеатрын хажуугийн замаар машиныхаа гэрлийг асаалгүй явж байхад нь замын цагдаа зогсоосон байдаг.
Сэжигтэн Б өөрийгөө хүнд хутгалуулсан хэмээн замын цагдаад мэдүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, нуугдаж байгаад талийгаач залуугийн ээжийн гомдлоор баригдаж байсан юм. Тэгэхэд хөзөр тоглоод инээж суусан Б удалгүй сул чөлөөтэй алхаж өдгөө анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугүйд тооцон цагаатгасан шийдвэр гаргасан билээ.
Хачирхалтай нь, 19 настай залууг хөнөөсөн гэм буруутай нь тогтоогдсон Б-г цочирдсондоо хүний амь нас хөнөөсөн хэмээн ийнхүү цагаатгасан байдаг. Харин талийгч залуугийн ээж Т.Дамдинсүрэний үзэж буйгаар, цочирдсон хүн хүүг маань 26 удаа хутгалж, онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөж, гар хурууг нь хүртэл тасдах учиргүй гэж ярьж байгаа юм. Тэгвэл шүүхийг хууль бус шийдвэр гаргаж, гэмт этгээдийг цагаатгасан хэмээн талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн өмгөөлөгчийн хамт өнөөдөр 11.00 цагт "Өдрийн сонин"-ы асуух эрхийн танхимд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.
О.Сайхан