АТГ-ын дэд дарга, тэрбумтан Б.Хурц хамгаалагчаа зодож, хөрөнгөө нууж байжээ
Төрийн албаны нүх сүв болгонд шургалсан багтай этгээдүүд эхнээсээ ил болж, зарим нь дээлээ нөмөрсөн бол зарим нь бат бэх хамгаалалтан дор байгууллага удирдан хугарашгүй ноён нуруу болон сууж байна. Ийм нөхдүүдийн багийг хуулж Хэн нь хэн бэ?-г ил болгох нь авлигагүй, асуудалгүй нийгмийг бий болгоход тунчиг чухал. Чухамдаа нийгмийг цэвэршүүлэх, авлигыг арилгахад нэр болоод гар цэвэр, намтар түүх нь "цагаан” нэгэн байх ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Энэ удаа бид Франц, Англи, Герман зэрэг гурван улсын хил дамнуулан хүн хулгайлсан хэргээр олноо танигдсан Б.Хурцын түүх намтрыг өгүүлнэ. Тухайн үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд Германы шоронгоос суллагдаж ирснийхээ дараахан АТГ-ын дэд даргаар сонгогдсон. Үйл явдал богинохон хугацаанд "өндөр хурд”-тай болж өнгөрсөн учраас АТГ-ын дэд дарга Б.Хурц гэж хэний хэн бэ гэдгийг ч мэдэж амжаагүй монголчууд гайхаад л өнгөрсөн юм. Тэр АТГ-ын дэд даргын суудалд тухлах хүн мөн үү, Тэр Германы шоронгоос хэрхэн гарав, Хэний "халаасны хүн” бэ, Хэн түүнийг хамгаалж байна вэ, Хэний хамгаалалтанд орсон хүн АТГ-ын дэд даргын суудалд суув, Германд болсон шүүх хуралдаа очихгүй байх эрх дархыг хэн түүнд олгов, айхгүй аягүйцэхгүй даргалах боломжийг тэр яаж бий болгов гээд түм буман асуулт түүнийг тойрон эргэлдэж буй. Гэсэн ч тэр нууцлаг хэвээрээ л байна. Тиймээс нуугдмал байх сонирхолтой АТГ-ын дэд даргын нууцлаг намтраас өгүүлье.
ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга асан, АТГ-ын дэд дарга Батын Хурц гэж хэн бэ?
1969 онд төрсөн.
1999-2000 онд "Торгоны зам” компанийн төлөөлөгчөөр Москвад ажиллаж байсан
2000-2002 онд ТЕГ-ын ажилтан
2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны1 нарийн бичгийн дарга,
/Энэ үедээ тамхины контрбанд хийж байсан гэх мэдээлэл байдаг юм билээ. Гэхдээ үнэн худлыг тэр өөрөө л хэлэх байх/
2004- 2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга
2005-2006 онд ТЕГ-т СТГ-ын дарга
2006-2009 "МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч
2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга
2010.11-2011.09 ИБУИНВУ болон ХБНГУ-ад саатуулагдаж суллагдсан
2011 оноос АТГ-ын дэд даргаар томилогдсон . Түүний намтрыг он тооллоор нь танилцуулахад ийм байна.
Өдгөө Зайсан дахь "Зайсан хотхон”-ы 58 дугаар байранд амьдардаг түүний бүтэн жилийн орлого 101 сая 654 мянган төгрөг байдаг. Харин түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 632 сая 400 мянган төгрөг. Үл хөдлөх хөрөнгө нь 2 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгддэг. Үүнд 7 барилга байгууламж багтаж байгаа. Ихэвчлэн Төрийн албанд ажиллаж байсан түүний хэвтэвчин дэх хөрөнгө ийм байна.
Гэтэл 2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогоо нуун дарагдуулж машин болон компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй учир АТГ-т шалгагдаж чамгүй асуудал үүсгэж байжээ. Гэвч түүний хөрөнгөө нуусан асуудал тэгсхийгээд намжиж, асуудал замхарчээ. Гэтэл түүнээс өмнө нь Б.Хурцыг АТГ-т шалгуулж байсан гэх мэдээлэл олдсон юм. Тэрбээр 2006 онд Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэтэй хамтран хэрэг мандаасан аж. Энэ асуудал нь тухайн үед мөн л АТГ-т очиж шалгуулж байсан тэр асуудлыг дарж чадаж.
Мөн 2006 онд бас нэгэн хэрэг тарьсан нь зодоон цохион. Тэрбээр өөрийн амьдардаг Сарнайх хорооллын хамгаалагчыг зодож танхайрсан учраас цагдаад дуудагдаж асуудал болж байжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эл хэрэг нь тодорхой бусаар чимээ намжиж, хэрэгсэхгүй болгосноор зодооны асуудал цэглэгджээ.
Гэтэл 2007 онд бас нэгэн хэрэг тарьсан нь газрын наймаа байв. Тодруулбал 15-р хороолол дахь талбайг хятадын цагаач иргэдтэй нийлж 5 сая ам.доллараар зарсан байна. Энэ газар нь хуучин оросуудын эзэмшил байсан бөгөөд сүүлд МҮЭ-ийн мэдэлд очсон байжээ.
Тэгвэл дээрх хэргүүдийг юу ч биш байжээ гэхээр бас нэгэн хэргийн тэр ТЕГ ажиллаж байхдаа үйлджээ. Энэ хэрэг нь ТЕГ-ын сөрөх тагнуулын газрын дарга байхдаа гүйцэтгэх ажиллагаагаар хураасан 50 сая төгрөгийг хууль бусаар завшсан гэх асуудал байв. Тиймээс түүнд эрүүгийн 20643133 тоот хавтаст хэрэг нээн шалгаж байсан бөгөөд 2006 онд өршөөлийн хуульд хамрагдснаар эл хэрэг нь цагаадаж байсан аж.
Гэтэл 2011 онд АТГ-ын дэд даргаар томилогдсон даруйдаа олон тооны ажилтаныг халсан хэрэгт буруутгагдаж байв. Тэрбээр тус байгууллагад ажиллаж байсан 11 хүнийг халж орхисон нь хэл амны бай болгож байгаа. Эдгээр халагдсан буюу өөрийг нь шалгаж байсан ажилтнууд нь саяхан шүүхээр ялжээ. Тиймээс АТГ-ын дэд дарга Б.Хурцын асуудал "Хурцдаж” магадгүй болоод байгаа учраас хамгаалалтын "нүхээ” малтаж эхэлсэн гэх яриа чих шүргэв.
Түүнийг ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлтэй нийлж бизнес эрхэлдэг гэдэг юм билээ. Энэ нь цаагуураа МАН-тай холбогдох сонирхолтойг илтгэх бөгөөд ийн хэлэхийн учир нь түүнтэй холбоотой олон асуудал сөхөгдөж эхлээд байгаа төдийгүй Ерөнхийлөгч ч түүний өмнөх болон одоогийн хууль бус олон үйлдлүүдийг мэдсэн учир эртнээс "нүх малтах” асуудалд анхаарал хандуулж буй бололтой гэж харагдаж байгаа юм.
Үүнээс гадна эх орноосоо урвасан, Хятадын тагнуулын албатай холбоотой ажиллаж байсан байж магадгүй гэгдээд байсан хурандаа В.Нямхандыг өмгөөлж, хэргийг цагаатгуулсан нь ч бөөн хардлага сэрдлэгэ, асуудал дагуулж байгаа аж.
Хурандаа В.Нямхандад Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар "Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон” хэмээн 17 жилийн хорих ял өгөх саналыг Улсын яллагч гаргаад байсан юм.
Энэ мэтээр "Асуудал” гээч айхавтар зүйлийг ар араас нь "үйлдвэрлэсэн” АТГ-ын дэд дарга Б.Хурц АТГ-ын дэд даргын албан тушаалыг хаших шалгуурт тэнцэх хүн мөн үү гэдгийг эрхэм уншигчид тунгаана биз ээ. Ийн хэлэхийн учир нь АТГ-ын дэд даргын албан тушаалыг хаших шалгуурт өмнө нь ял шийтгүүлж байгаагүй байх гэсэн заалт байдаг юм. Гэтэл АТГ-ын дэд дарга Б.Хурц хоригдож байснаас гадна боловсролын шалгуурыг ч хангадаггүй гэх мэдээлэл байна. Уг нь эрхзүйч мэргэжилтэй баклавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх ёстой гэсэн шалгуур байдаг ч түүнийг барилгын техникум төгссөн, мөн холбооны аюулгүй байдлын мэргэжил дээшлүүлэх 1 жилийн курсд суралцсан гэдэг юм билээ.
Энэ мэтээр өөрийнх нь хууль зөрчсөн олон асуудал зах зухаасаа илэрч ёстой л даравч дардайж, булавч бултайна гэгч болж буй аж. Гэтэл эдгээр фактыг нь мэддэг хүмүүст анхааруулга өгч асуудал гаргахгүй байхыг сануулсан гэх ”бор шувуу” ч нисэж байна.
Монгол төр ариун байх гол босго нь болсон АТГ-ын дэд дарга Батын Хурцын намтар түүхээс цухас өгүүлбэл ийм байна. Гэтэл Ардчилсан, авлигатай тэмцэгч Ерөнхийлөгч маань яагаад дуугүй суугаад байгаа юм бол...?
http://sex.zindaa.mn/17uh#.U-NJ3bR_SLp.twitter
Сэтгэгдэл байхгүй байна.