Аавууд шөнө, ээжүүд өдрийн цагаар цэцэрлэгийн үүдийг САХИЖ байна
Намрын намарт эцэг эхчүүдийн хамгийн их бухимдалтай ханддаг асуудал бол цэцэрлэгийн бүртгэлийн асуудал байдаг. "Нийслэл Улаанбаатар хотод хүн ам ихээр төвлөрсөн учраас жил бүр цэцэрлэгийн тоог нэмсээр байгаа ч хүн амын өсөлтийн хурдаа гүйцэхгүйгээс үүдэн цэцэрлэгийн хүрэлцээ тулгамдаж байна" хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж буй.
"Улсын хэмжээнд 1288 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас Төрийн 826, хувийн хэвшлийн 466 цэцэрлэг бий. Үүний 43.8 хувь нийслэлд байгаа юм. Нийслэлд ачаалал хэт өндөр байдаг учир энэ хичээлийн жилээс төрийн 49, хувийн өмчийн 46 цэцэрлэг шинээр нээгдэж байгаа аж.
Тухайлбап, Гадаад хэргийн яам өөрийн эзэмшлийн барилгад 50 ортой цэцэрлэг нээхээр болсон байна. Мөн орны багтаамжаасаа бага хүүхэдтэй ажиллаж буй төрийн бус өмчийн 57 цэцэрлэг байгаа аж. Эдгээр цэцэрлэгийн нөөц бололцоог бүрэн ашиглахаар салбарын яам судалж байгаа аж. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 105 мянга хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, "өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад энэ хичээлийн жилд цэцэрдэгийн элсэлтийг 16980 мянган хүүхдээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэдгийг салбарын сайд хэллээ.
Хэдий цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын 22-26-нд явагдах авч эцэг эхчүүд өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн цэцэрлэгийн гадаа аль хэдийн дугаарлаад эхэлсэн байгаа юм.
Бүртгэл уламжлалт байдлаараа зохион байгууллагдах бөгөөд харин ачаалал ихтэй зарим дүүргүүдэд сугалааны аргаар бүртгэл явагдана гэдгийг ч салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Гэвч эцэг эхчүүд сугалааны аргыг эсэргүүцэж буй учир ийн хэд хоногийн өмнөөс дугаарлаад эхэлжээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл байхгүй байна.