Залуучуудын байгууллага 95 нас хүрлээ
Одоогоос 95 жилийн тэртээх энэ өдөр буюу 1921 оны 08 сарын 25-нд "Бошгыг халах залуучуудын эвлэл” хэмээх байгууллагыг байгуулж, тэр үеийн нийгмийн харилцааг эрс өөрчлөн шинэчлэх хувьсгалт үйл хэргийг эрхэм зорилтоо болгон Монголын залуучуудын байгууллага анхны үндэс суурийг тавьж байжээ. Монголын Залуучуудын байгууллага улс орны хөгжлийн үе шат бүрт нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнээс хамааран, үе үеийн залуучуудын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагаагаар намтар баян түүхийг туурвин бүтээсээр өнөөдрийг хүрч байна.
Энэ их түүхийн үргэлжлэл болсон Монголын Залуучуудын Холбооноос жил бүрийн 8-р сарын 25-ыг МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР болгон тэмдэглэсээр ийнхүү 95 жилийн ойтойгоо золгож байна. Анх Монголын анхны залуучуудын байгууллага болох "Бошгыг халах залуучуудын эвлэл” байгуулагдаж байсан түүхэн өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон юм.
Залуучууд энэ түүхт баяраараа Монголын залуучуудын анхны байгууллагыг санаачилж шанг нь татаж байсан гавьяатнуудын нэг болох жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Түүнчлэн 95 жилийн ойн баярын хурал, баярын концерт, МХЗЭ, МЗХ-ны үе үеийнхний түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, "Мөнхийн залуу нас-95” галт тэрэгний аялал зэрэг сонирхолтой арга хэмжээгээр үргэжиллээ.
Баярын хуралд МЗХ-ны салбар зөвлөлүүд, МХЗЭ-ийн үе үеийн ахмадууд, дэмжигч байгууллагууд, хамтын ажиллагаатай Олон улсын байгууллагууд, салбар бүрийн манлайлагч залуус оролцож байна. Хурлын үеэр үе үеийн ахмадууд дурсамж дурдатгалаасаа хуваалцаж, алтан сургаалиасаа залуустаа хүргэх юм. Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Дэлхийн Залуучуудын Ассамблей, Ази Европийн сангаас мэндчилгээ ирүүлсэн юм.
Баярын тоглолтонд Монголын урлаг соёлын алдартнууд ая дуугаа өргөхөөс гадна МЗХ-ны 21 аймаг дахь салбар зөвлөлийн залуус шилдэг залуус өөрсдийн бэлтгэсэн дуу, бүжиг наадмаараа мэндчилгээ дэвшүүллээ.
Түүнчлэн баярын хурлын үеэр салбар салбартаа амжилт гаргаж, тив дэлхийд Монголоо дуурьсгаж буй шилдэг тэргүүний залуусаа шагнаж баяр дээр нь баяр нэмлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.