"Zara" брэндийн эзэн дэлхийн хамгийн баян хүнээр тодорчээ
"Zara” брэндийг бий болгогч Амансио Ортега лхагва, пүрэв гарагуудад "Микрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн баян хүнээр түр хугацаанд тодорчээ. Харин баасан гарагт Билл Гейтс эргээд тэргүүн баян болсон байна.
Лхагва гарагт "Zara” брэндийн толгой компани болох "Индитекс”, "Massimo Dutti”, "Pull & Bear” зэрэг компаниудынх нь хувьцааны ханш 2.5 хувиар өссөн нь Ортега-гийн хөрөнгийг 1.7 тэрбум доллароор өсгөсөн байна. Харин бямба гарагт хувьцааны үнэ 2.8 хувиар буурчээ.
Бямба гарагийн өглөө 10 цагт Амансио Ортегагийн хөрөнгө 77.8 тэрбум доллароор хэмжигдэж байсан бол Билл Гейтсийн хөрөнгө 78.1 тэрбум доллар байжээ.
Испанийн Ла-Корунья хотоос гаралтай төмөр замын ажилчны хүү Амансио Ортега баян хүн гэхээсээ илүүтэй даяанч хүн ажээ. Тэрбээр өөрийн төрсөн хотдоо дэлгүүрт ажилд орж, өөрийн бизнесийг эхлүүлж байсан байна.
100 хүрэхгүй долларын цалинтай байсан тэрбээр эхнэр Росалиа Мера-гийн хамт зочны өрөөндөө дотуур хувцас, унтлагын өмд цамц болон унтлагын хувцас хийж эхэлжээ. 1975 онд хос хоёр /хожим нь салсан/ "Zara” нэртэй дэлгүүрээ нээхээр шийдсэн байна. 8 жилийн дараа А.Ортега Испанийн 8 өөр газарт дэлгүүрээ өргөжүүлэн нээсэн аж.
1984 онд тэрбээр 10 мянган м.кв талбай бүхий логистикийн төвийг нээн, 2001 оноос түүний бизнес нийтэд ил болж, тухайн жилдээ 6.6 тэрбум долларын хөрөнгөтэйгээр "Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад орж ирсэн байна.
Тухайн үед Билл Гейтс 58.7 тэрбум долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн баян хүн болж байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.