“Токио-2020”-оос өмнө кафе, ресторанд тамхи татахыг бүрмөсөн хориглоно
Ресторан, кафе зэрэг хүмүүс олноороо цуглардаг газруудад тамхи татахыг бүрмөсөн хориглох нь зүйтэй гэж Японы Эрүүл мэндийн яам үзэж байна.
Тус яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар "эдгээр газруудад үйлчлүүлж буй хүмүүс дам тамхидалтад ихээр өртдөг бөгөөд ингэснээр тэд уушгины хорт хавдар, зүрхний шигдээс тусах магадлал өндөр байдаг" ажээ.
Яг хэзээ тамхидалтыг хориглох нь тодорхойгүй байгаа боловч тус улсын засгийн газар 2020 оны Токиогийн Олимпын наадмын өмнө асуудлыг нэг мөр шийдэх бололтой.
Одоогоор Японы кафе, ресторануудад тамхи татдаг хүмүүст зориулсан тусгай орчин байдаг хэдий ч тамхи татдаггүй хүмүүсийг тамхины утаанаас хамгаалж чадахгүй байгаа аж. Ялангуяа зөөгч нар дам тамхидалтын хорт нөлөөг хамгийн ихээр амсдаг гэнэ.
Дам тамхидалтаас үүдэн Япон улсад жилд 15 мянга орчим нас бардаг гэсэн статистик тоо бий. Тэднээс тал хувь нь зүрхний шигдээсээр, 4,5 мянган хүн зүрхний бусад өвчнөөр, 2,5 мянган хүн уушгины хорт хавдраар амиа алддаг байна.
Саяхныг хүртэл "япончууд бол тамхийг хамгийн ихээр хэрэглэдэг үндэстэн" гэж үздэг байсан юм. Харин 2000 оноос хойш тамхидалт буурсаар байгаа бөгөөд 2014 оны мэдээллээр, 20-оос дээш насны япон эрчүүдийн 30,3 хувь нь, эмэгтэйчүүдийн 9,8 хувь нь тамхи татдаг ажээ. Харьцуулваас, 1966 онд эрчүүдийн 83 хувь нь тамхи татдаг байсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.