“Facebook” нүцгэн зурагны улмаас хэл аманд өртлөө
Норвегийн Ерөнхий сайд Эрна Сульбергийн байрлуулсан гэрэл зургийг устгасныхаа төлөө "Фейсбүүк" компани уучлалт гуйжээ.
Олон нийтийн сүлжээний асуудал эрхэлсэн захирал Шерил Сэндберг уучлалт гуйж хэлэхдээ "үргэлж бидний зөв байдаггүй” гэсэн байна.
"Associated Press” агентлаг 1972 онд Вьетнамын дайны үеэр шатамхай бөмбөгнөөс хашгиран зугтаж буй нүцгэн вьетнам охины зургийг Норвегийн Ерөнхий сайд фейсбүүк хуудсандаа байрлуулжээ.
Дайны аймшигт хор уршгийг харуулсан уг зургийг "Facebook” компани "нүцгэн хүний зураг нийтлэхийг хориглосон дүрмийг зөрчсөн" гэж үзээд устгасан байна. "Түүхэн чухал үйл явдлыг харуулсан энэ зураг шиг зурагнууд нь компанийн зүгээс нүцгэн хүний зураг байрлуулахгүй байх гэсэн шийдвэрээс илүү чухал ач холбогдолтой” гэж Шерил Сэндберг 9 дүгээр сарын 10-нд Эрна Сульбергт хаягласан захидалдаа дурджээ.
Тэрбээр мөн "танаас болон хамт олныхоо зарим гишүүдээс саналыг нь сонссоны дараа бид таны нийтэлсэн зургийг дахин сэргээж байрлуулахаар боллоо” гэжээ.
Гэрэл зургийг устгасан нь зарим хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа бөгөөд Норвегийн Засгийн газрын зарим гишүүд уг зургийг өөрсдийн "Фэйсбүүк” хуудсандаа байрлуулжээ. "Үргэлж бидний зөв байдаггүй. Бидэнд хэдийгээр маш тодорхой стандарт байдаг боловч 7 хоног бүр хэдэн саяараа тавигдаж байгаа зургуудыг шалгах нь үнэхээрийн хэцүү байдаг" гэж Сэндберг захиандаа дурджээ.
"Фэйсбүүк”-ийн хувьд нүцгэн хүний зурагтай холбоотой "толгойны өвчин" үүгээр дуусахгүй аж. Хойд Ирландад амьдардаг 14 настай охины нүцгэн зургийг нийтэлсэнтэй холбоотой шүүхийн ажиллагааг зогсооно уу гэсэн "Фэйсбүүк”-ийн хүсэлтийг Хойд Ирландын Белфаст хотын шүүх хүлээж аваагүй байна. Охины өмгөөлөгчийн ярьснаар, уг зураг нь өшөө авах зорилготой байсан бөгөөд охиныг айлган сүрдүүлж мөнгө салгах гэсэн оролдлого ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.