Сири улсын иргэнээс болж “Turkish Airlines”-ийн онгоцны нислэг саатжээ
Турк улсын "Turkish Airlines” авиа компанийн онгоц өчигдөр 11:00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардаж, 12:05 цагт буцаад хөөрөх байсан ч хойшилж шөнийн 02:45 цагт хөөрөхөөр болсон билээ. Учир нь, тус онгоцоор ирсэн Сири улсын хоёр иргэнийг манай улсын хил гаалийн ажилтнууд саатуулснаас ийнхүү онгоц хойшлоход хүрсэн юм.
Хэдийгээр дээрх хоёр зорчигч Монголын Гадаад харилцааны яамны албан тушаалтны тодорхойлолттой байсан ч нэг хүнийг хилийн шалганыхан бичиг баримтыг нь хүчингүй гэж үзжээ. Хилээр нэвтрэх боломжгүй болсон Сири улсын иргэн уг онгоцоор буцах гэсэн боловч биеийн байдал нь муудсан учир өвчтэй хүнийг онгоцоор тээвэрлэх боломжгүй гэдгийг "Turkish Airlines”-ийн онгоцны дарга мэдэгдсэн байна. Иргэний нисэхийн хуулийн дагуу онгоц агаарт байхад зорчигчийн бие муудвал хамгийн ойрын нисэх буудалд зогсох үүрэгтэй байдаг аж. Тиймээс зорчигчийн биеийн байдлыг харзнаж, онгоцны нислэгийг шөнийн 02:45 цаг хүртэл хойшлуулсан байна.