Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах оюутнуудын анхааралд
Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох журамтай.
Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авна.
Тэтгэлгийн журамтай танилцана уу.
ШИЛДЭГ ОЮУТАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (цаашид "сургууль" гэнэ)-ийн суралцагч (цаашид "суралцагч" гэнэ)-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг (цаашид "тэтгэлэг" гэнэ) олгоход энэхүү журмыг баримтална.
1.2 Дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:
1.2.1. хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;
1.2.2. нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;
1.2.3. суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;
1.2.4. монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.
1.3. Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:
1.3.1. Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр (2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан) үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;
1.3.2. сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;
1.3.3. монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;
1.3.4. суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн;
1.4. Тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.200.000 төгрөг олгоно.
1.5. Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000 төгрөг олгоно.
Хоёр. Материал хүлээн авах, шалгаруулалт
2.1. Энэхүү журмын 1.2, 1.3 -т заасан болзлыг хангасан оюутан өөрөө буюу сургуулийн захиргаа, оюутны байгууллага нь хамтарч тухайн суралцагчийг тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.
2.2. Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ:
2.2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг (2 дугаар хавсралт);
2.2.2. энэхүү журмын 1.2.1, 1.3.4-т заасан болзлыг хангасан суралцагч нь сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга;
2.2.3. энэхүү журмын 1.2.3, 1.3.1-д заасан болзлыг хангасан суралцагч нь хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
2.2.4. энэхүү журмын 1.2.2, 1.3.2-т заасан болзлыг хангасан суралцагч нь холбогдох арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг;
2.2.5. энэхүү журмын 1.2.4, 1.3.3-т заасан болзлыг хангасан суралцагч нь хадгалан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох бусад материалууд;
2.2.6. тухайн нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангасан талаар оюутан өөрөө 500 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлнэ.
2.3. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж, шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.
2.3.1. ажлын хэсэг нь 1 дүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн 50 хүртэлх оноо, 2 дугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, 2 шатны нийлбэрээр 85-100 оноотой суралцагчийг шалгаруулан Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 5 , 12 дугаар сард олгоно.
Гурав. Бусад зүйл
3.1. Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаарх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын газрын вэб сайтад байршуулна.
3.2. Нэрэмжит тэтгэлэг авсан оюутан өмнөхөөс өөр шалгуураар тэтгэлгийн болзол хангасан бол дахин нэг удаа нэр дэвших эрхтэй.
3.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг нэг суралцагчид давхардуулан олгохгүй.
3.4. Олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож, холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгохгүй.
3.5. Тэтгэлэг авагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулиас хасагдсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.6. Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ.
Зураг
2х3
"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ
САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧИЙН
МЭДҮҮЛЭГ"-ИЙН ЗАГВАР
1. Ургийн овог ……………………………………………………….
2. Эцэг /эх/-ийн нэр………………………………………………….
3. Өөрийн нэр…………………………………………………………
4. Төрсөн он, сар, өдөр, …………………………………………….
5. Үндсэн харьяалал ………………………………………………..
6. Регистрийн дугаар ……………………………………………….
7. Одоо оршин суугаа хаяг …………………………………………………………………………….
8. Гэрийн болон гар утас, и-мэйл хаяг……………………………………………………………………………………………….
9. Суралцаж байгаа сургууль, мэргэжил, курс, голч дүн ……………………………………………………………………………………………………
10. Олон нийтийн сонгуульт ажил ……………………………………………………………………………………………………
11. Нэр дэвшиж байгаа тэтгэлгийн нэр ……………………………………………………………………………………………………
12. Нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших үндэслэл
……………………………………………………………………………………………………
13. Өөр тэтгэлэг, тусламж, зээл, мөнгөн шагнал авсан эсэх
……………………………………………………………………………………………………
14. Харилцах банкны нэр, дансны дугаар ……………………………………………………………………………………………………
___________________ (Гарын үсэг)
___________________ (Он, сар, өдөр)
Сэтгэгдэл байхгүй байна.