Агаарын бохирдлын улмаас Энэтхэгийн нийслэлийн бүх сургуулийг хаав
Амьсгал боогдуулам их утаатай байгаагийн улмаас Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын шадар сайд тус хот дахь бүх сургуулийг даваа гарагаас буюу өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатайгаар хаахаар шийдвэрлэжээ.
Агаарын хэт бохирдолтой тэмцэх дорвитой арга хэмжээ авна гэдгээ Засгийн газрын яаралтай хуралдааны дараа шадар сайд Арвинд Кежривал мэдэгдсэн байна.
Мөн тус хотын хэмжээнд барилгын ажил хийх, утаа ялгаруулж, тоос бужигнуулсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг таван хоногийн хугацаанд бүрэн хоригложээ.
Түүнчлэн тоос шороог дарахын тулд төв зам дээгүүр ус шүрших аж.
Онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх, боломжтой бол гэрээсээ ажлаа хийхийг шадар сайд Делигийн оршин суугчдад зөвлөж байна.
Хүний уушгийг бөглөж болзошгүй PM2.5 буюу моторт тээврийн хэрэгсэл, үйлдвэр, дулааны цахилгаан станц, гал болон утаа зэргээс ялгардаг маш нарийн ширхэгт агаар бохирдуулагчийн хэмжээ Шинэ Дели хотод Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 90 гаруй дахин, Энэтхэгийн Засгийн газрын тогтоосон стандартаас 15 дахин их байгаа учраас агаарын бохирдолтой тэмцэх дээрх арга хэмжээнүүдийг авч байгаа ажээ.
Өчигдөр Дели хот дахь Жантар Мантарын хөшөөний өмнө амны хаалттай хэдэн зуун хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Тус улсын Цаг уурын газрын албаны хүний ярьснаар, Дели хотод өглөөний 8:30 цагийн үед үзэгдэх орчин 200 м-ээр хязгаарлагдаж байв.
Агаарын бохирдлын улмаас цаг бусаар хорвоог орхиж буй хүмүүсийн тоогоор Энэтхэг улс дэлхийд "тэргүүлдэг" аж. ДЭМБ-ын мэдээллээр, агаарын бохирдолтой холбоотой өвчний улмаас тус улсад жилд 620 мянган хүн нас барж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.