Г.ТӨМӨРБААТАР НАМАА ЯЛАГДАЛ ХҮЛЭЭХЭД ХҮРГЭВ ҮҮ
МАН-ын үндсэн дүрэмд "Монгол Ардын Нам нь төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах сонгуульд ялалт байгуулах буюу олонх болж бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэсэн байдаг. Тэгвэл энэ дүрмийг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Г.Төмөрбаатар уландаа гишгэж, намынхаа нэр хүндийг шороотой хутгажээ. Сүхбаатар дүүргийн намын дарга Г.Төмөрбаатар МАН-аас нэр дэвшигчид тодорчхоод байхад гэнэт өөрийн хамаатан садан гэх хүмүүсээ оруулж ирж, нэр дэвшүүлснээр тус намын хороо ялагдал хүлээхэд хүрсэн байна. Тодруулбал, Г.Төмөрбаатар Сүхбаатар дүүрэгт өөрийн нутгийн хүн болох Завхан аймгийн Их-Уул сумын уугуул Ч.Батбаатар / Төрсөн ахынх хүүхэд/ , Д.Чадраабал, /хамаатан/ Р.Энх-Амгалан /баз хүргэн/, С.Ариунтуяа, Г.Ууганбаяр, түүний хамаатны дүү Н.Оюунтуяа нарыг нэр дэвшүүлсэн байна. Ийнхүү Г.Төмөрбаатар Дүүргийн Намын Хорооны бага хурлыг үймүүлж, хамаатан садан, ах дүү бүхий 13 хүнийг давхцуулан нэр дэвшүүлсэн байна. Гэтэл эдгээр нэр дэвшигчид Сүхбаатар дүүрэгт "гологдож” МАН ялагдлын цагаан тугаа өргөхөд хүрсэн байна.
Уг нь бол МАН-ын дүрмийн 38.1. Сум, дүүрэг, хорооны ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг сум, дүүрэг, хорооны намын хороо, үүрийн хурлаар хэлэлцэн нууц санал хураалтаар шийдвэрлэж сонгуулийн холбогдох байгууллагад хүргүүлнэ гээд заачихсан байдаг. Гэтэл Г.Төмөрбаатар өөрийн хүсэл сонирхол, шуналдаа дийлдэж, хамаатнуудаа нэр дэвшүүлсэн өнөөдрийн ялагдлыг гол шалтгаан болсон тухай эх сурвалжууд хэлж байна.
Үнэндээ ч Г.Төмөрбаатарын шахааны арав гаруй хүнээс дөнгөж гурав нь арай хийн ялалт байгуулсан бол бусад нь ялагдал хүлээжээ. Иймээс буруу шийдвэр гаргаж, өөрийн шуналаа гүйцэлдүүлэх хүсэлдээ автан намын эв нэгдлийг эвдэн, бодлого сөрсөн Г.Төмөрбаатарт нам зохих хариуцлага тооцох ёстой гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Оллоо.мн