Өчигдөргүй өнөөдөр
Б.ДАМДИН
Улстөрчдийн үндсэн зарчим бол үзэл баримтлал. Үзлээ дагаж намаа сонгоно. Сонгосон намдаа насаараа зүтгэнэ. Нам нь унавал гудамжинд гарч, ялбал төрд зүтгэнэ. Ерөөс бөөрөнхий дэлхийн улс төрийн онол нь ийм юм. Мөн улстөрчийн ам нь тангараг байдаг. Түүгээрээ олны итгэл, дэмжлэгийг хүлээдэг. Тэр утгаараа ам, үзэл хоёртоо үнэнч улстөрчийн зам хол байдаг гэдэг.
Харин Монголд сүүлийн жилүүдэд энэхүү стандарт алдагдаж, хэн дуртай нь ялсан намыг дамжиж, эсвэл дагаж гүйдэг жишиг ерөнхийдөө тогтлоо. Бас улстөрчийн хэлдэг үгийн үнэ цэнэ алга болсон. Тэдний өчигдөр ярьсанд өнөөдөр итгэхэд бэрх. Үндсэндээ Монголын шинэ цагийн улстөрчдийн хэв маяг гэвэл зохино.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр гэж бий. Москвагийн Их сургуулийг 1978 онд хуульч мэргэжлээр дүүргэсэн энэ эрхэм ИБУИНВ-д Элчин сайдаар суухаар болж байх шиг байна. Намынхан нь түүний нэрийг өчигдөр Ерөнхийлөгчид өргөн барьж, улмаар УИХ-аар оруулаад баталчихлаа. Уг нь тэр улс төрөөс холдлоо гэдгээ Монгол даяар олон ч удаа зарласан нэгэн. 2009 онд өвчний учир гэсэн шалтгаанаар Сү.Батболдод Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн албан тушаалуудаа өгөөд явсан. Хааяа гарч ирж улс төрийн анализ хийсэн, эсвэл өөртэйгээ холбоотой элдэв фактуудад хэвлэлээр тайлбар өгсөөр өнөөг хүрсэн юм. Түүний Америк дахь долоон хаус, Оюутолгойн гэрээний уршиг гээд л манайхан гоочилдог. Тэгвэл мань эрийг ИБУИНВ-д Элчингээр явах гэж байгааг манай сонин 2016 оны наймудгаар сарын 29-ний дугаартаа нийтэлсэн байна. Өөрөөр хэлбэл, С.Баяр аль эрт, сонгуулийн үеэр намынхаа удирдлагуудтай Элчин сайд болох тохироог хийчихсэн байсан гэсэн үг. Дээрээс нь ИБУИНВУ-ыг сонгосныг Рио Тинтотой ойртуулж тайлбарлах хүмүүс бас байна. Уг нь тэрээр 2013 оны аравдугаар сард хэвлэлд ярихдаа "...Цагийн юм цагтаа гэдэг. Нэг урсгалд хоёр ордоггүй. "Энэ баагий одоо болиод өгөөсэй билээ” гэж ил далд чичлүүлж, нүдний булай болохгүй л юмсан гэж би боддог. Урд өмнө нэг амилуулсан дүрдээ хэт итгээд, түүнийгээ санагалзаад, тайз руу байн байн ухасхийгээд байх онцгүй. Дахин хэлъе. Би амбицаа татсан. Тэтгэвэртээ гараагүй тул чадсан ч, чадаагүй ч улс төр хавьханаар л эргэлдэх ёстой гэсэн явцуу бодол надад байхгүй. Тэгээд ч хий хоосон тэрсэлдсэн улс төрд оролцох орон зай, зав чөлөө, хүсэл бодол надад бүр байхгүй. Амьдрал баян. Хийх өөр ажил, тэмүүлэх өөр зорилго дэндүү олон байна цаана чинь” гэж байсан. Мөн 2016 оны дөрөвдүгээр сард бас нэг ярилцлагадаа "...Эргэж ирэх энэ тэрийн талаар би урьд нь хэлсэн, хэлсэндээ байдаг. Бас тэр дурсамжаа бичиж буцах замаа засдаг гэж би л лав сонсоогүй ноу-хау байна. Дурсамж бол явсны нотолгоо мөн гэж харин сонсож байсан. Ийм л байна” гэж байв. Гэсэн ч тэр ИБУИНВУ-д Элчин сайдаар томилогдлоо. С.Баярын хэмжээний улстөрч ийм шийдэл гаргасан нь ихээхэн сонирхолтой байгаа юм. Учир нь тэрээр өөрийгөө за гэвэл ёогүй жинхэнэ улстөрч гэдгийг байнга мэдэгддэг билээ.
Мэндсайханы Энхсайхан. Бас Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд байсан. Мөн намын дарга эрхэм. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН-МҮАН-ы "Шударга ёс” эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахад Энхсайхан "Монголын төмөр зам” ТӨК-ийн захирлаар томилогдсон хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдсан.
Түүнийхээ дараа Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгжийн захирлаар ажиллаж байгаад 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн үр дүнд Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцроход ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Улс төрийн түүхийг нь сөхвөл 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, 1992-1993 онд УИХ-ын гишүүн, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1998-2003 онд "Премьер интернейшнл” ХХК-нд захирал, 2003-2005 онд Ардчилсан намын Ардчилсан намын дарга, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны нэгдүгээр сараас 2008 он хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажиллаж байв. 2006 онд Ардчилсан намаас ҮШН-ыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ МҮАН болгон солиход даргаар нь сонгогджээ. Тэрээр 2016 оны сонгуулийн өмнө дөрөвдүгээр сарын 28-нд "МҮАН-ын Удирдах зөвлөлөөс нам сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч үүнээс хоёр сар гаруйхны дараа буюу долдугаар сарын 5-нд хэвлэлд нэгэн ярилцлага өгсөн юм. Тэр үед сонгууль дуусч МАН ялаад байв. М.Энхсайхан "...МАН эдийн засгийн тун хэцүү цаг үед Засгийн газраа байгуулахаар болж байна. Сонгогчид МАН-д эдийн засгаа хямралаас гаргах даалгавар өгсөн. Чадах чадахгүйн тухай биш чадах ёстой. Эдийн засаг уналтаас гарч босох нь аль нэг намын хүсэл биш бид бүхний хүсэл, эрмэлзэл. Хийж чадвал бүгдээрээ МАН-ыг дэмжье” гэв. Түүний ийн хэлснийг нь зарласан зурагт хуудас хүртэл хийгдэж, олон нийтийн сүлжээгээр тараагдсан. Харин тэр ингэснийхээ шагналыг авав бололтой. Тэрээр Шведэд Элчингээр явахаар боллоо.
Бас Л.Гүндалай байна. "Ард түмнээ хайрлая” гэдэг намын дарга. Тэрээр 2000 оноос хойш УИХ-д Хөвсгөл аймгаас нэр дэвшин, гурван удаа дараалан сонгогдоод байгаа бөгөөд 2006 оны нэгдүгээр сараас 2007 оны нэгдүгээр сарыг хүртэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байв.
Л.Гүндалай сургуулиа төгсөөд бизнест хөл тавьж, "ГМЕТ”, "Батсарай” компаниудыг байгуулан ажиллаж байгаад 2000 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгийн 45-р тойрогт бие даан нэр дэвшиж ялалт байгуулжээ. Л.Гүндалай УИХ-ын гишүүн болсныхоо дараа АН-д элсэж, тухайн үед түүнийг оролцуулаад хоёрхон суудалтай болоод байсан Ардчилсан Намын дуу хоолойг УИХ-ын танхимд хүргэж байлаа. Тэр бүрэн эрхийнхээ эхний хугацаанд тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг гадаадын тагнуул гэх нууц бичиг баримтыг олсон хэмээн мэдэгдэж, Ц.Нямдоржтой зөрчилдөж байв. Түүний талаар Ц.Нямдорж шүүхэд гомдол гаргаж, 2003 оны дөрөвдүгээр сард Сөүл уруу нисэх гэж байхад нь цагдаа нар Л.Гүндалайг баривчилсан дуулиан дэгдэж байсан.
2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл Мэндийн сайд болох хүслээ ил тод илэрхийлж байсан түүнийг эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаасангүй. Тэр 2005 онд Ард Түмний Нам хэмээх шинэ нам байгуулж, 2006 онд бий болсон М.Энхболдын Засгийн газарт хүссэн суудлаа авчээ. Гэвч төрийн мэдлийн эмнэлгүүдийн дарга нарыг өөрчилсөн түүний тушаалыг эсэргүүцэгчдийн тэмцэл жилийн дараа түүнийг сайдын албан тушаалаасаа огцроход хүргэв.
Л.Гүндалай 2008 оны дөрөвдүгээр сард АН-д буцаж элсэн, мөн онд болсон УИХ-ын сонгуульд оролцож сонгогдсон байдаг. 2012 сонгуулиар ард түмэн түүнийг дэмжсэнгүй. Харин тэрээр ээлжит намаа байгуулж "Ард түмнээ хайрлая” хэмээн нэрийдэв. Ингээд 2016 оны сонгуульд оролцсон ч бас л чадсангүй. Тэрээр сонгуулийн дараа буюу аравдугаар сарын 6-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. За тэгээд л болоо. Нам гэж туг далбаа барьж явахгүй. Ер нь би бодохдоо нийслэл, УИХ-д МАН үнэмлэхүй ялчихлаа. Одоо орон нутагт, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялвал дээр. Өөр нам гээд дэмий. Ард түмэнд тэгж л хэлмээр байна. Тэр нь ч дээр. Ирэх хоёр сонгуульд хоёуланд нь МАН-д өгсөн дээр дээ, яршиг. МАН харин 100 хувь үүрэг хариуцлагаа хүлээгээд явж байна биз. Тэнэг л биш бол тэр нь дээр. Ард түмэн маань ч элдэв юманд хууртах юм даа, хөөрхий” гэсэн байна. Мөн түүний ийн хэлснийг М.Энхсайханых шиг зурагт хуудас болгон олон нийтийн сүлжээгээр цацсан байдаг. Харин М.Энхсайхан Элчин сайд болоод яваад өглөө. Мань эрд юу өгөх нь одоогоор тодорхойгүй. Удахгүй ил болох биз ээ.
Гэвч тэдний иймэрхүү үйлдэл эхэнд өгүүлсэн Монголын улс төрд хэвшиж буй муу жишиг юм. Улс төрийг орхилоо гэснээ "Намайг Элчин сайд болгоод өгөөч, манай намынхаан” гээд л элдэв нууц тохироо хийнэ. Түүнчлэн жижиг ч гэсэн намын дарга атлаа ялсан нам бараадаад сандал ширээ горьдсон шиг явах ажээ. Тэдэнтэй улс төрийн үзэл баримтлал, улстөрчийн зангараг энэ тэрийн тухай ярих огт хэрэггүй. Өнөөдөр тэд болоод л байх шиг байна. Өчигдөргүй өнөөдрөөрөө амьдарч байна. Харин ирээдүйн түүхэнд тэд хэн гэж үлдэх бол оо?!
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл байхгүй байна.