Хагас жилийн дотор 5900 хар тамхичинг устгажээ

0

илиппийн Ерөнхийлөгчийн эхлүүлсэн хар тамхины эсрэг дайны улмаас 5900 хүн амиа алджээ. Энэ талаар "CNN” агентлаг, "www.dailymail.co.uk” мэдээллээ.

  

Хагас жилийн дотор 5900 хар тамхичинг устгажээ

 

Филиппинийн Ерөнхийлөгчийн сонгуулиар шийтгэгч хочит Родриго Дутерте сонгогдсон билээ. Тэрбээр Ерөнхийлөгч болбол улс орныг заналхийлж, залуусыг нь  хордуулж буй хар тамхи болон хар тамхичдын эсрэг хатуу тэмцэхээ илэрхийлсэн юм. Дутерте санал хураалтын өмнө "Хэрвээ би биш бол өөр хэн ч хар тамхичдын эсрэг тэмцэж чадахгүй” гэж мэдэгджээ. Түүний хурц дайчин занг филиппинчүүд өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчөөрөө сонгосон аж.

 

Дутерте өмнөх төрийн тэргүүн нараас ялгаатай нь Ерөнхийлөгчийн тангарагаа өргөөд л маргаашнаас нь амласан ёсоороо хар тамхичдын эсрэг тэмцлээ эхэлсэн билээ. Хар тамхичдын эсрэг тэмцэж буй "Хар тамхины эсрэг дайн” өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс орон даяар эхэлжээ. Ерөнхийлөгч эхний ээлжинд цагдаагийнхан болон тусгай хүчинг уг ажиллагаанд оролцуулсан юм. Мөн ард түмнээсээ дэмжлэг хүсчээ.

Тэрбээр "Таны гэрийн гадна эсвэл хажуу өрөөнд тань хүмүүс хар тамхи татах, борлуулах зэрэг хууль бус үйлдэл хийж буй бол та цагдаа руу залгахад л хангалттай. Бид дуудлагын дагуу очих болно. Хэрвээ та иргэний үүргээ амжилттай гүйцэтгэвэл бид таныг шагнах болно” гэж мэдэгджээ. Иргэний үүргээ биелүүлж, хар тамхичдыг ангуучлах ажилд нэгдсэн иргэнийг Ерөнхийлөгчийн ордонгоор шагнахаас гадна мөнгөн урамшуулал өгөхөөр болсон байна. Ерөнхийлөгчийн эхлүүлээд буй хар тамхины эсрэг дайны улмаас өнөөдрийн байдлаар 5927 хүн амиа алджээ. Мөн 40 мянган хүн хар тамхины хэргээр баригдаж, ял сонсчээ. 2086 хүн цагдаагийн гарт амиа алдсан бол 3841 хүн тусгай ажиллагааны үеэр амь үрэгджээ. "Цагдаагийнхан хар тамхичдын бүгж буй газруудад шалгалт явуулах нэрийдлээр хууль бус аллага явуулж байна” хэмээн иргэд буруутгасан байна. Гэхдээ уг мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас эрс үгүйсгэж, "Эсэргүүцэл үзүүлсэн этгээд рүү гал нээсэн” гэж мэдэгджээ.

Хагас жилийн дотор 5900 хар тамхичинг устгажээ

 

Тэгвэл өчигдөр болсон хар тамхичдын эсрэг тусгай ажиллагааны үеэр зургаан настай хүү амиа алдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татаж, Америкийн "CNN” агентлаг мэдээлэв. Хүү нийслэл Манила хотноо амьдардаг бөгөөд тусгай ажиллагааны үеэр буудуулсан байна.  Хүүгийн ээж "Хаалга тогшиж байсан. Гэнэт л буун дуу гарсан. Бүх зүйл хормын төдийд болж өнгөрсөн” гэж ярьжээ. "Цагдаагийнхан хүссэн хүнээ хар тамхины хэрэгт буруутгаж, баривчлах эсвэл алж байна” хэмээн гэрчүүд мэдээлэв. Хар тамхины эсрэг дайн эхлэх үед филиппинчүүд Ерөнхийлөгчөө шударга нэгэн хэмээн үнэлдэг байсан бол одоо харин эсрэгээрээ Ерөнхийлөгчөө хэрцгий, балмад этгээд гэх болжээ. Залуус нэгдэж "Филиппинийн бүх иргэн хар тамхичид биш” гэх аянд нэгдэж, Ерөнхийлөгчөө нэн даруй хүчирхийллээ зогсоохыг шаардсан байна. Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд руу бичиг илгээж, уг асуудалд анхаарлаа хандуулан, энгийн иргэдийг хамгаалахыг уриалжээ.

 

Ард түмнийхээ эсэргүүцэлтэй нүүр тулсан ч Ерөнхийлөгч зорилгоосоо буцахгүй гэдгээ илэрхийлэн "Хар тамхины хэрэглээг 100-0 болох хүртэл энэ тусгай ажиллагаа үргэлжлэх болно. Өөр зүйлгүй. Би амласан. Та нар хүссэн” гэж хэлжээ.  Ерөнхийлөгч хар тамхичдын эсрэг хүч хэрэглэх, шаардлагатай гэвэл гал нээхийг зөвшөөрсөн нь ард түмнийг хоёр хуваахад хүрчээ. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийнхөө үйл хэргийг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг "Хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн буруутгаж эхэлжээ.

 

НҮБ "Нэн даруй Манила хотноо явуулж буй хүчирхийллээ зогсоохгүй бол бид Филиппинийн эсрэг эцэс төгсгөлгүй хориг тавих болно. Энэ бол эхний бөгөөд эцсийн сануулга” гэсэн байна. Уг мэдэгдлийн хариуд Ерөнхийлөгч "Би өмнө нь мэдэгдэж байсан. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Филиппин НҮБ-аас гарах болно. Гишүүнчлэлээ цуцлах болно. Бидэнд алдаад байх зүйл байхгүй. Филиппин тусгаар улс. Тиймээс бидний үйл хэргийг үргэлж хүндэтгэх эрхтэй” гэж мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч өмнө нь "НҮБ ажлаа тун муу хийж байна. Бид дотоодын асуудлаа шийдвэрлэж чадна. Бидэнд асуудлаа шийдэх олон гарц, хаалга байна. Харин та бүхэн Филиппинд бус Сири улсад санаа тавь. Та бүхэн Сирийн асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй байна. Та бүхэнд хүч байгаа ч хүчээ ашиглахгүй байгаа чинь миний уурыг хүргэж байна. Та нар чанга орилсон ч би сонсохгүй. Зөвхөн та нарын хоолой өвдөх болно” хэмээн мэдэгдэж НҮБ-ын удирдлагуудыг дургүйцлийн хүргэсэн юм.

 

Шаардлагатай гэвэл АНУ, Филиппинийн эсрэг хоригт нэгдэхээ илэрхийлээд байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.