Дипломатуудад халдсан халдлагуудын түүхүүд
Арванхоёрдугаар сарын 19-нд зэвсэгт халдлагын улмаас Туркт суугаа Оросын Элчин сайд Андрей Карлов алагдлаа. Ийм харамсалт хэргүүдийн эмгэнэлт түүхүүдээс өгүүлье.
Арванхоёрдугаар сарын 19-ний орой Анкара хотын "Калининградаас Камчатск хүртэл” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн дээр мэндчилгээний үг хэлж байсан Оросын Элчин сайдыг бодигард гэмээр 22 настай, албаны хувцастай залуу араас нь буудан хөнөөв. Гэмт хэрэгтэн агаарт буудаад дараа нь Карловын ар талаас нь буудан "Аллах акбар, Алеппог бүү март” гэх зэргийн үгийн хашгирсан юм. Энэ халдлагын улмаас өөр гурван хүн шархаджээ. Гэмт хэрэгтэн Элчин сайдыг 11 удаа буудсан байв.
Хожим эмнэлэгт хүргэгдсэн Элчин сайдыг нас барлаа гэж Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария захарова мэдэгдсэн юм.
Гэмт хэрэгтэнг устгажээ
Олон нийтийн сүлжээнд гарсан зургаас харахад гэмт хэрэгтэнг наад зах нь 20 удаа буудан устгасан байв.
Тегеран дахь Оросын Элчингийн байранд хийгдсэн яргалал
Дипломатуудад халдсан хамгийн аймшигтай хэрэг Тегеран дахь Оросын Элчингийн байранд 1829 онд болсон яргалал юм. Хохирогчдын нэг нь "Ухаантны зовлон” гэсэн цуутай инээдмийн жүжгийн зохиолч бөгөөд Элчин сайд Александр Грибоедов байв.
1829 оны нэгдүгээр сарын 30-нд шашны хэт даврагчдын олон зуун хүн Элчин сайдын яаман дахь бүх хүмүүсийг хүйс тэмтэрчээ. Дипломат, яруу найрагчийн цогцос танигдах аргагүй байсан ба түүнийг Якубовичтай хийсэн дуэлийн үеэр шархадсан зүүн гарынх нь соривоор таньжээ.
Вильгельм фон Мирбахыг хөнөөсөн нь
Германы Элчин сайд Вильгельм фон Мирбахыг 1918 оны долдугуур сарын 6-нд Москвад хөнөөжээ. Хэргийг Бүх Оросын Онцгой комиссын ажилтнууд Яков Блюмкин, Николай Андреев хоёр хийжээ. Чекистын үнэмлэхээ үзүүлсэн тэд Германы Элчингийн байранд нэвтрэн орсон байв. Тэднийг Элчин сайд хүлээн авахад буудан хороожээ. Яков Блюмкин гучаад оны дунд үе хүртэл Монголд цуст аллагыг гардан зохион байгуулж байсан юм.
Войковыг хөнөөсөн хэрэг
Зөвлөлтөөс Польшид сууж байсан Элчин Петр Войковыг 1927 оны зургадугаар сарын 7-нд польшийн харьяат Борис Коверда буудан хөнөөжээ. Польшийн шүүх гэмт хэрэгтэнг бүх насаар нь хорих ялаар шийттгэсэн ч 1937 онд өршөөжээ.
Сайгон дахь Америкийн ЭСЯ-ыг дэлбэлсэн хэрэг
Сайгон дахь АНУ-ын ЭСЯ-ыг тэсрэх төхөөрөмжтэй машинаар 1965 онд дэлбэлж 22 хүний аминд хүрчээ. ЭСЯ-ны ажилтнуудаас гадна өөр 188 хүн шархадсан байна. Энэ хэргийн дараа ЭСЯ нь аюул байгатай газарт шилжин байрлажээ.
Владимир Роловичийг хөнөөлөө
1971 оны дөрөвдүгээр сарын 7-нд Миро Барешич,Анжелко Брайович гэдэг хоёр хорват дайчид Стокгольм дахь Югославын ЭСЯ-нд дайран ороод Югославын Гадаад хэргийн орлогч сайд Владимир Роловичийг зодон дараа нь толгойд нь буудан амийг нь хөнөөжээ. Ролович эмнэлэгт хүргэгдэн долоо хоногийг өнгөрөөгөөд шархаа даалгүй нас барсан байв. Алуурчдыг Шведийн хуулиар шийтгэжээ.
Испанийн Элчин сайдын яамыг шатаав
1980 оны нэгдүгээр сарын 31-нд Педро Гарсия Арредондо Испанийн Элчин яамыг дайрсан Гветамалагийн цагдаа нарын дунд зогсож байв. Харигслалын эсрэг эсэргүүцэл гаргасан тариачид, оюутнууд Элчин сайдын яаманд бүгсэн байв. Цагдаа нар байранд нь гал тавьсны улмаас 37 хүн тэдний тоонд Испанийн консул, хоёр туслах нь үрэгджээ.
Иракийн ЭСЯ-нд халдсан хэрэг
Амиа золиослогч палестин 1981 онд Бейрутад Иракийн ЭСЯ-ыг дайран дэлбэлэж 64 хүний аминд хүрчээ. Үүнээс хоёр жилийн дараа "Исламын жихад” бүлгийн террорист-камиказе микро автобусаар мөн тэнд АНУ-ыг ЭСЯ-ны ханыг мөргүүлэн дэлбэлсэн байв. Энэ үеэр 180 хүн үрэгджээ.
Буэнос-Айрест 1992 онд хийгдсэн террор
Террорист довтолгоонд Израилийн ЭСЯ өртөв. Дэлбэлт яамны байрыг бүрэн нураажээ. Нийт 22 хүн амь үрэгдэж, 242 хүн шархадсан байлаа.
Бенгази дэх АНУ-ын Консулын газарт довтолжээ
2012 онд Мухаммед их зөнчийн тухай уран сайхны киноны трейлер гарсны хариуд нь Бенгази дэх Консулын газрыг гранат харвагчаар буудан шатаасан байв. Энэ довтолгоонд Ливид суугаа АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс ба бусад дипломатууд алагдсан байв. Хожим консулын газарт мэргэжлийн цэргийнхэн халдсан нь тогтоогджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Сэтгэгдэл байхгүй байна.