В.Путин: Энэ халдлага бол хоёр улсын харилцааг бусниулах зорилготой "өдөөн хатгалга"
ОХУ-ын Элчин сайдын амийг хөнөөсөн нь Орос-Туркийн харилцааг тасалдуулан бусниулахад чиглэсэн "өдөөн хатгалга” юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгдлээ.
Анкара хотод нээгдсэн уран зургийн үзэсгэлэнгийн үеэр ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловын амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа В.Путин мэдэгдэл хийжээ.
"А.Карловын амийг хөнөөсөн явдал нь Сирид хэрэгжүүлж буй ОХУ-Туркийн хамтын ажиллагааг бусниулах гэсэн өдөөн хатгалга юм" гэж тэрбээр мэдэгдээд, терроризмын эсрэг дайныг эрчимжүүлэхийг уриалсан байна. Мөн тэрбээр А.Карловын амийг хөнөөсөн хүнийг "далдаас удирдаж байсан" хүн хэн болохыг мэдэхийг хүсч байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев уг хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ "энэ хэргийг ОХУ зүгээр орхихгүй бөгөөд уг хэрэгт холбогдсон хүн бүртэй хариуцлага тооцох болно” гэсэн байна. Олон улсын хуулийн дагуу Элчин сайдыг хөнөөх нь ноцтой гэмт хэрэг юм гэж тэрбээр мэдэгдлээ.
Харин Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа аймшигт халдлагыг буруушаагаад, Оросын ард иргэдэд гүн эмгэнэл илэрхийлсэн гэж Туркийн дипломат эх сурвалж мэдэгджээ.
Энэ халдлага нь Турк-ОХУ-ын найрсаг харилцааг бусниулах гэсэн зорилготой гэдгийг Туркийн сайд мөн дурдсан байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл байхгүй байна.