Барак Обама: Ажлаа хүлээлгэж өгчихөөд тайван унтаж амарна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн "NPR” сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Теодор Рузвельт 1884 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд бухимдаж буйгаа илэрхийлээд "Бурхан шиг хүмүүсийн дуу хоолой зуугаас 51 удаад нь үнэн байдаг. Үлдсэн 49 нь чөтгөр шулам шиг буюу тэнэгүүдийн дуу хоолой байдаг” хэмээн хэлсэн нь бий. Таны хувьд энэ жилийн сонгууль аль төрлийн хүмүүсийн "дуу хоолой”-д нь багтсан гэж бодож байна вэ?
-Үнэлж, шүүхэд хэцүү юм. Энэ удаагийн сонгуулиар үнэхээр гэнэтийн зүйл болсон. Хиллари Клинтоны нэр хүнд, нөлөөлөл өргөн хүрээг хамарч байсан ч эцсийн дүндээ бүх зүйл гэнэт л эргэчихсэн. Энэ үйл явдлаас манай орон улс төрийн байдал тогтворгүй бөгөөд барилгүй үедээ яваа гэдгийг ойлголоо. Ялагдлын дараа эргээд харахад Ардчилсан намд бүтцийн хувьд хэд хэдэн дутагдал байж. Тодруулбал, өнгөрсөн сард болсон сонгуулиар бидэнд санал өгсөн сонгогчдийн олонх нь залуучууд, нийгмийн цөөнх, ардчиллыг тууштай дэмжигчид байсан. Хамгийн гол нь тэд төв, суурин газарт голчлон амьдардаг хотын иргэд. Харин бид алслагдмал, орон нутгийн бүсэд ялалт байгуулж чадаагүй. Энэ л бидний алдаа. Бид өөрийнхөө харсан хэсэг, ойролцоох бүсдээ л ач холбогдол өгч, хүн амын төвлөрөл багатай захын газруудыг орхигдуулсан байна. Сонгуулийн өмнөх судалгаагаар ардчилсан нам бүхий л бүс нутагт үнэхээр "гэрэлтэж” байсан ч эцсийн дүндээ ичгүүртэйгээр ялагдлаа.
-Нам нь "Гэрэлтэж” байсан ч нэр дэвшигч нь ялж чадаагүй байж болох юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн нэр дэвшигчдийн мэтгэлцээнээс шалтгаалдаг гэж ярьдаг. Магадгүй Х.Клинтон мэтгэлцээний үеэр алдаа гаргасан ч юм бил үү?
-Мэтгэлцээний үеэр алдаа гаргасан гэдэгтэй санал нийлэхгүй байгаа ч нэр дэвшигч хувь хүн талаасаа сөрөг зүйл дагуулсан гэдэгтэй санал нийлж байна. Ардчилсан нам олон жилийн турш мэтгэлцээнийг манлайлсан улс төрийн туршлагатай хүчин. Х.Клинтон буруу тактикаар ажиллаж, дутуу тооцоолсон байна. Ялагдлын бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Кампанит ажлын явцад орон нутгийн сонгогчидтой холбоо тогтоож, өөрсдийгөө илэрхийлж чадаагүй байна. Миний засаг захиргааны гол бодлого бол хамтын хэлэлцээр, дүрэм журмын батлалтад ач холбогдол өгөх явдал. Харин тэд "ариун цэврийн өрөө” тойрсон маргаанд ач холбогдол өгч ажиллаад байсан юм шиг санагдсан. Хамгийн ойрын жишээгээр авч үзвэл, би хууль бусаар оршин суугаа хэн ч эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой гэсэн хуулийг баталж, нэмэлт өөрчлөлт оруулахдаа ч аль алинд нь ард иргэдийнхээ саналыг сонсч, харгалзан үзэж байсан. "Гэрэлтэж бай” гэдэг санаа бол зөвхөн сонгуулийн үеэр хамааралтай үг биш. Улстөрч, нийгмийн зүтгэлтэн хүн цаг үргэлж ард түмэнтэйгээ холбогдож тэднийг сонсдог байх ёстой. Хүний итгэлийг олж тэднийг ойлгож, ул суурьтай шийдвэр гаргаж сурахыг хүсвэл сонгогчидтой харилцаж сурах хэрэгтэй. Ард түмнийг мэдэрч сурсан цагт л туршлагатай улстөрч гэж нүүр бардам хэлж болно. Би үргэлж ард түмний нэг хэсэг байсан учраас сонгогчдын итгэлийг хоёр ч удаа хүлээсэн болов уу гэж боддог. Сенатад орохдоо ч ард түмэнтэйгээ нягт харилцаатай байх зарчмыг баримталдаг байлаа. Тэдэнтэй харилцахад тусгай зүйл бэлдэж, үйл ажиллагаа зохион байгуулж, хөрөнгө мөнгө гарздах шаардлагагүй. Зүгээр л зочны өрөөнд нь хамт сууж, Чикагогийн гудамжаар алхахад л хангалттай. Сенатын гишүүн болохоор өрсөлдөж байх үедээ кампанит ажлын төлөвлөгөөндөө ард түмний үгийг сонсох аяллын хуваарь гаргаж байлаа. Миний хэлэх гэсэн санаа бол хэн нэгний итгэлийг хүлээнэ гэдэг үнэхээр гайхалтай юм билээ. Чиний тухай сөрөг мэдээлэл цацаж, олон нийт шүүмжилж, хүрээлэгчдийн тоо багассан ч өөрийг чинь ойлгож, бага ч гэсэн итгэж байгаа хүмүүс чиний талд хэвээр байдгийг ойлгосон. Би 2012 оны сонгуулиар захын бүсийн мужуудад ялагдсан. Тэдгээр муж нь хангалттай цаг зарцуулж, өөрийн биеэр очиж чадаагүй газрууд байсан.
-Энэ удаагийн сонгуулиар ардчилсан нам шат, төвшин бүрт ялагдал хүлээсэн. Тэгэхээр танай нам олон нийтийн итгэлийг алдсан учраас ялагдсан гэсэн үг үү?
-Бид хийх ёстой зүйлээ тодорхойлж, хэрэгтэйгээ хийгээгүй учраас ялагдсан. Бүгд Найрамдахчууд эхнээсээ системтэй ажилласан. Тэд "Коч ах дүүс” зэрэг компаниас санхүүжилт авч байсан болохоор бодсон бүх зүйлээ гүйцээж чадсан байх.
-Та цаашид улс төрийн зөвлөгөө өгч, ажиллах талаар бодож байв уу?
-Болохгүй зүйл ч байхгүй л дээ. Гэхдээ яг одоогоор хамгийн их хүсч буй зүйл минь ажлаа хүлээлгэж өгчихөөд тайван, сайхан унтаж амармаар байна. Мөн би эхнэр Мишельдээ аяллаар явна гээд амалчихсан. Охид маань ч том болж байгаа болохоор илүү их анхаарал тавих шаардлагатай шүү дээ.
-Цагаан ордноос гарлаа гээд бүх зүйл дуусчихгүй. Таны эргэн тойронд улс төрийн байгууллага, асуудал, сэдэв байсаар л байна гэж бодож байна?
-Би өмнө нь Цагаан ордноос гараад технологийн чиглэлээр ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн. Технологийн салбарт орлоо ч инженерийн мэддэг эрэг, шураг, боолт, утасных нь асуудалд нарийн оролцоод байхгүй. Ерөнхий ойлголттой ажиллана. Түүнтэй адил улс төрд ч ялгаагүй том жижиг бүх зүйлд оролцож, санаа тавих бодол алга. Би хувьдаа шинэ үеийнхний авьяасыг хөгжүүлж ажиллахыг л хүсч байна. Үнэхээр гайхалтай, ирээдүйг өөрчилж чадах залуус олон болжээ. Олон нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах, эрүүгийн эрх зүйн шинэчлэл, амьдралд хүрэлцэхүйц цалингийн төвшин, аюулгүй орчин зэрэг сэдвийг сонирхдог. Тиймээс дуртай зүйлээ хийж амьдармаар байна. Гэхдээ олон нийт рүү чиглэсэн ажлыг надаас илүү Мишель сайн хийх байх.
-Тагнуулын ерөнхий газраас ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж саяхан мэдэгдсэн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Үнэхээр нөлөөлсөн юм уу?
-Албаныхны дүгнэлтэд тусгаснаар хөндлөнгөөс нөлөөлсөн гэж гарсан. Х.Клинтоны цахим шуудан, сангийн хандивын асуудал түүнийг тойрсон шуугианыг харахад нөлөөлсөн байх боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол олон улсын хэмжээний маргаантай асуудал учраас холбогдох байгууллагууд дахин шалгаж, баттай баримт бий эсэхийг нягтлахыг даалгасан. Үнэндээ Х.Клинтон өрсөлдөгчөөсөө илүү маш том давуу талтай. Түүний улс төрийн туршлага, мэдлэг, боловсрол, Төрийн нарийн бичгийн дарга байхдаа олж авсан нэр хүнд нь ч сонгуульд нөлөөлөөгүйг харахад Д.Трампын талаас олон нийтийн анхаарлыг татах онцгой төлөвлөгөө боловсруулсан бололтой.
-Хэрвээ үнэхээр ОХУ сонгуулийн дүнд нөлөөлсөн бол тусгаар улсын хэрэгт хөндлөнгөөс оролцсоныхоо төлөө ямар нэгэн төлбөр төлөх ёстой юу?
-Бид өөрсдөө арга хэмжээ авч, анхаарч байхгүй бол аль ч орны Засгийн газраас нөлөөлөх гэж оролдохыг үгүйсгэхгүй. Миний хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өөрийн үзэл баримтлалаа хангалттай ойлгуулсан гэж бодож байна. Том гүрнүүдийн дунд улс орны тухай гүнзгий мэдээлэлтэй болох гэсэн тусгай тагнуулууд байдаг. Магадгүй Орос, Хятад, Их Британи, Израйль зэрэг орны тагнуулын байгууллага манайд үйл ажиллагаа явуулж байгааг ч үгүйсгэх аргагүй. Энэ бол батлагдаагүй асуудал. Уг үйл явдлаас дүгнэлт хийхэд манайд кибер аюулгүй байдал алдагдсан байна. Ер нь сүүлийн үед кибер халдлага, худалдааны нууц хулгайлах, үйлдвэрийн тагнуулын хэрэг их гарах болжээ. Бидний хийж, хөгжүүлж буй өчүүхэн жижиг зүйл ч зохион бүтээгчдээ үнэ цэнэтэй. Гэтэл гадаад зах зээлд бид хэн нэгний санаа авдаг "үйлдвэрлэлийн сэтгүүл” шиг орон болоод байгаад урам хугарч байна. Тиймээс ирэх арван жилд АНУ шинэ дүрмээр тоглох болно. Кибер аюулгүй байдлыг хангахын тулд батлан хамгаалах салбар болон хувийн хэвшлийнхэн асар их хөрөнгө мөнгө, цаг зарцуулдаг. Бид электроникжиж, улсын хөрөнгө санхүү ч сайжран чинээлэг орны тоонд багтаж байна. Тэр ч утгаараа цөмийн зэвсэг, олон улсын төвшний хэм хэмжээний асуудалд бүх чадлаараа анхаардаг. Гэвч оюуны хулгай тасрахгүй байна. БНХАУ-ын аж үйлдвэрийн тагнуул, оюуны бүтээлийн хулгай, арилжааны зорилготой хакер хэрээс хэтэрч байна. Энэ талаар Хятадын удирдагч Си Зиньпинтэй "Их-20”, "Их долоо”-гийн уулзалтын үеэр ярилцсан. Тэр хэлэхдээ "Чи үүнийг зогсоож чадахгүй байгаа болохоор манай улс хийдгээ хийсээр л байна байх” гэж хэлсэн.
-Ирэх сарын 20-ноос Цагаан ордны тэргүүн болох гэж байгаа Д.Трамп таны ач холбогдол өгч хичээж, хэрэгжүүлж буй ажил, төслийг цаашид үргэлжлүүлэн авч явж чадах болов уу?
-Нэг тийм нам, улс төрийн бүлгээр талцуулах гэсэн сэтгэгдэл төрж байна. Одоо сонгуулийн уур амьсгалаасаа гарч засаг захиргаа, удирдлага, хариуцлагаар "амьсгалмаар” байна. Би хэний ч ажлыг үгүйсгэхгүй. Хэдий Бүгд Найрамдах нам миний ажлыг шүүмжилж, үнэлдэггүй ч тэд миний улс төрийн карьерт "жигүүр” болсон.
-Тэгвэл Д.Трамп Ерөнхийлөгчийн эрх мэдлээ бүрэн ашиглаж ажиллах чадах уу. Та юу гэж бодож байна вэ?
-Би түүнийг хууль ёсны дагуух эрх мэдлээ бүрэн ашиглаж чадна гэж бодож байна. Ерөнхийлөгч хүн хуулиа даган мөрдөж, зөв хууль боловсруулдаг байвал бүх зүйл илүү хялбар болдог. Анх Ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээж авсан эхний хоёр жил яагаад ч юм гүйцэтгэх эрх мэдэлд итгэдэггүй байлаа. Тэр үед манай нам Конгресст олонх байсан юм. Харин олонх байхаа больж холимог болсноос хойш эргэлзэж, тээнэгэлзэх зүйлгүй хийх гэсэн зүйлээ хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг болсон. Би өнгөрсөн найман жилд хууль дүрмээ ягштал сахин биелүүлж, өөрийн үзэл бодолдоо бат зогсох үнэт чанараа алдаагүйгээрээ бахархдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампад үзэл бодол, баримтлалаа хуульд нийцүүлж ажиллаарай гэж хэлмээр байна. Заримдаа нийцэхгүй, бүтэхгүй үнэхээр хэцүү санагддаг ч дараа нь хамгийн найдвартай зөв шийдвэр байдаг юм билээ.
-Таныг өдөр бүр ард иргэдээс ирсэн захидлыг уншдаг гэж сонссон юм байна. Сонгуулиас хойш ямархуу утга агуулгатай захидал голдуу ирж байна вэ?
-Янз бүрийн л захидал ирдэг. Голдуу ардчиллыг дэмжигч залуу үеийнхнээс илгээдэг. Гэхдээ тэдний захидалд сайнаас илүү саар, өөрт тулгарч буй үнэн бодит асуудлаа тусгасан байдаг. Надад үнэхээр хэцүү санагдаж, тэдний тухай унших бүртээ л тавгүйтэж, сэтгэлээр унадаг. Сүүлийн үед багш нараас захидал их ирэх болсон. Тэд "Миний муслим, латин гаралтай сурагчид надаас үнэхээр хэцүү асуулт асуудаг. Үүнийг таниас асууя. Тэд "Багшаа яагаад надад бүгд дургүй байдаг юм бэ” гэж асуудаг. Зарим цагаач, өөр шашинтай оюутнууд "Энэ оронд надад багтах газар үнэхээр байхгүй гэж үү” гэсэн асуултыг тавилаа” гэсэн байдаг. Иймэрхүү утгатай захидал илгээсэн хүмүүст би хүнд хэцүүг даван туулах хангалттай хүчтэй, энэ оронд чамайг тосоод авах газар, гайхалтай сайхан хүмүүс бий гэдгийг ойлгуулах утга агуулгатай захиагаа хариу болгон илгээдэг.
-Та бүгдэд нь хариу захидал илгээдэг хэрэг үү?
-Тийм ээ, би шөнө унтахынхаа өмнө 10 захианд хариу бичээд хэвшчихсэн юм. Надад дэмжигч, сонгогчдоос урам зориг өгөх сайхан үгтэй захиа ч мөн их ирдэг. Намайг төдийлөн үнэлдэггүй хүмүүсээс ч гэсэн "Чи бол хамгийн аймшигтай, муу Ерөнхийлөгч” , "Удахгүй Цагаан ордноос явах гэж байгаад чинь баяртай байна” гэсэн үгтэй захидал ч ирж байлаа.
-Сөрөг захидалд ч мөн хариу бичдэг үү?
-Тийм ээ. Сонгуулиас хойш "Би чамайг хэзээ ч дэмжиж байгаагүй гэхдээ биеэ албан ёсны сайхан авч явдагт чинь талархдаг. Мөн сайн аав гэж боддог шүү” гэсэн захидал их ирэх болжээ. Үнэндээ "Өнгөрсөн хугацаанд сайн ажиллалаа” гэсэн магтаалаас илүү бодит амьдралаа бичсэн, энгийн захидал унших нь ач холбогдолтой.
А.Даваахүү
Сэтгэгдэл байхгүй байна.