Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 2 жил хүртэл хугацаагаар хорино
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Улмаар ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм.
Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж буй хууль өмнөх хуулиас юугаараа ялгаатай, байгууллагуудын уялдаа холбоо чиг үүрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд оноох ял шийтгэл, хуульд ямар заалт тусгасан бэ зэрэг асуултад холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өмнөх хуулиас юугаараа ялгаатай вэ?
Шинэ хууль нь өмнөх хуулиасаа урьдчилан сэргийлэх асуудлыг түлхүү тусгаж өгснөөрөө онцлог болжээ. Урьдчилан сэргийлэх асуудлыг олон улсын түвшинд ч манайд хэрэгжиж байгаа хуулийн түвшинд нь гурав ангилан авч үздэг байна.
Энэ дагуу шинэ хуулинд:
Нэгдүгээрт, Гэр бүлийн хүчирхийллийг ерөөсөө гаргахгүй байх. Тодруулбал, нийгэм өөрөө соён гэгээрүүлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ, иргэд ямар эрхтэй вэ, миний эрхийг зөрчвөл хүчирхийлэл мөн үү, би ямар үйлдэл бусдын эрхийг зөрчих вэ гэдгийг цэцэрлэгээс нь эхлээд заадаг байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулдаг байх ёстой гэж тусгажээ.
Хоёрдугаарт, Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн эргэн тойронд байгаа хүмүүс хор хөнөөл аюулыг нь мэддэг, мэдээлдэг, зайлшгүй тохиолдолд үүрэг хүлээдэг байх ёстой аж. Насанд хүрээгүй хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд хүчирхийлэлд өртсөн байвал тэдний үүргийг бусад иргэд гүйцэтгэх ёстой аж. Учир нь тэд өөрсдөө мэдээлж чаддаггүй.
Гуравдугаарт, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн дахин өртүүлэхгүйн тулд тодорхой хэмжээний үйлчилгээнүүдийг төрөөс үзүүлнэ. Өмнөх хуулинд энэ үйлчилгээнүүдийг заасан байдаг ч хэн ямар журмаар ямар хүрээнд юу үзүүлэх вэ гэдэг зааг ялгаа тодорхойгүй байсан. Харин шинэ хуулиар бүгдийг нь тодорхой тусгаж, зохицуулжээ.
Энэ талаар Хууль зүй яамны Хууль зүйн бодлогын ахлах мэргэжилтэн Д.Саруултай ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хуулинд шинэлэг ямар зохицуулалт хийсэн бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль анх 2004 онд батлагдаж байна. 12 жилийн дараа шинэчилсэн найруулга хийгдэж байна. Энэ удаад өмнөх хуулийн хэрэгжилтэд тулгуурласан, түүний алдаа, зөрчилдөж байсан, мөн зохицуулалтгүй үлдэж байсан харилцааг шинээр зохицуулж өглөө. Түүнчлэн олон шинэлэг зүйлийг тусгасан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг бүхэлд нь авч үзвэл урьдчилан сэргийлэх хууль байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл өөрөө онцлог төрлийн гэмт хэрэг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс яаж сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг яавал гаргахгүй байх, хэрвээ үйлдэгдэж байвал яаж илрүүлэх, таслан зогсоох, дахин давтуулахгүй байх гэдэг харилцааг зохицуулж өгсөн.
-Зааг ялгааг яаж тусгаж өгсөн бэ. Хууль хэрэгжээд явахад байгууллагууд ямар уялдаа холбоотой ажиллах юм бэ?
-Энэ хууль нь гэр бүл рүү чиглэгдэж байгаа хууль. Гэр бүл дотор нийгмийн бүх харилцаа явж байдаг. Тэнд нэг асуудал хөндөгдөхөд бусад асуудал нь дагаж хөндөгдөж байдаг. Тодруулбал, гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэж байвал эдийн засаг унаж, хүүхэд сургууль цэцэрлэг завсардаж байх жишээтэй. Хэн нэгэн ажилгүй болж эрүүл мэндээр хохирч байдаг. Тэгэхээр эмчлүүлэх зардал мөнгө гээд хүчирхийллийг дагаад гарах үр дагавар маш их. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь дан ганц цагдаа, хуулийнхан ажиллаж хэн нэгэнд ял шийтгэл оногдуулах асуудал биш. Олон байгууллага, олон шат хамтын ажиллагааны үндсэнд энэ төрлийн гэмт хэргийг гаргахгүй байхад анхаарч ажиллана.
-Энэ хуулиар зөвхөн албан ёсны эхнэр нөхөр үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч зохицуулна гэсэн. Ер нь хэр өргөн цар хүрээг хамарч байгаа вэ?
-Гэр бүл гэхээр зөвхөн албан ёсны баталгаатай эхнэр нөхөр эсвэл хүүхэдтэй айл өрхийг гэр бүл гэж ойлгодог. Үүнийг гэр бүлийн хуулиар зохицуулсан байдаг. Гэхдээ Гэр бүлийн тухай хууль бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас арай өөр. Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, эд хөрөнгө яаж бий болох, хэрхэн хуваарилах, нэгнээ хэрхэн тэжээх зэргийг зохицуулж өгсөн байдаг. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль бол ахуйн болон гэр бүлийн хүрээнд хэн нэгний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал зөрчигдөхөөс хамгаалдаг хууль юм. Тиймээс хэн нэгнийг гэр бүлийн баталгаатай байх эсэх, гэрлэлтийн статус хамаагүй. Хүний аюулгүй байдлыг нэг түрүүнд тавина. Гэр бүлийн харилцаатай, хүүхэдтэй, хамтран амьдрагч, гэрлэлтээ цуцлуулаад хоёр талд байсан ч хүчирхийлэл үүссэн л бол энэ хуулиар зохицуулагдана.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн болон захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
2004 оны хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хуулийг зөрчил эсвэл иргэний маргаантай адилтгаж үздэг байжээ. Хариуцлагын асуудлыг эрх хязгаарлах арга хэмжээ буюу хохирогчтой уулзахгүй байх эсвэл тусдаа амьдрахыг даалгадаг зэрэг зургаан төрлийн арга хэмжээ авдаг байсан аж. Гэвч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихэд бэрхшээлтэй, тэр бүр хэрэгждэггүй байсан гэнэ. Харин шинэ хуулийг дагаад Эрүүгийн хууль, захиргааны хариуцлагын хуульд өөрчлөлт оржээ. Тодруулбал, гэр бүлийн гишүүнийхээ эрх, эрх чөлөөнд халдсан, тодорхой эд хөрөнгө, захиран зарцуулах эрхэд нь халдсан, бие мах бодид халдсан үйлдлүүдийг гурав буюу түүнээс дээш байнга үйлдсэн бол гэмт хэрэгт, нэг удаа ч юм уу бие махбодид нь хохирол учруулахгүйгээр халдсан бол зөрчилд тооцож байгаа юм байна.
Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат:
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дагаад Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Хариуцлагын хуулийг энэхүү хоёр хуулиар тодорхойлно. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх гэдэг ойлголтыг нэлээд өргөн агуулгаар авч үзсэнтэй холбогдуулан бие мах бодийн, сэтгэл санааны, эд хөрөнгийн, дарамт зовиур байнга учруулсан хүнд хариуцлага хүлээлгэх хамгийн эхний эрхзүйн орчинг захиргааны хариуцлагын тухай хуулиар тодорхойлно. Эхний тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Мөн баривчлах шийтгэлийг дагалдаж, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг мөн энэ хуулин дээр тодорхойлсон. Хүчирхийллийг удаа дараа үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар зохицуулна. Тодруулбал, гурав ба түүнээс дээш удаа гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна.
Хууль зүй яамны Хууль зүйн бодлогын ахлах мэргэжилтэн Д.Саруул:
-Захиргааны хариуцлагын хуулийн дагуу 7-30 хоног баривчилна. Мөн зан үйлд нөлөөлөх албадан сургалтад заавал суулгана. Эрүүгийн хуульд хоёр жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ. Хүндрүүлэх нөхцөл нь бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд халдсан гэж үзнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь хэн нэгнийг яллаж, шийтгэх зорилготой биш. Урьдчилан сэргийлэхийг түлхүү зохицуулсан. Зан үйлд нөлөөлөх албадан сургалт нь хоёр хэлбэрээр явагдана. Нэг нь хүн өөрөө сайн дураараа хүсэлт гаргаад оролцож болно. Нөгөөх нь шийтгэлийн зорилгоор. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч этгээд баривчлагдсан тохиолдолд цагдаагийнхан, хорих ял авсан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан явуулах юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй зөвхөн цагдаагийнхан тэмцэхгүй
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан баг ажиллах юм. Өмнөх хуулинд байсныг шинэ хуулиар албажуулжээ. Хамтарсан багт анхан шатны нэгжид ажилладаг албан хаагчдыг хамаарах аж. Тодруулбал, цагдаагийн алба хаагч, өрхийн эмч, нийгмийн ажилтан, хороо дүүргийн ажилчид, засаг дарга, сургуулийн багш нар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэн ажиллана. Асуудлыг бууруулахад хүчирхийлэл гаргахгүй байхад анхаарч ажиллах юм. Харин бодлого төлөвлөлтийн түвшинд холбогдох яамдууд нь хамааралтай асуудлыг хамтран шийдвэрлэж, журмаа баталж, зохицуулалтаа төлөвлөөд ажиллахаар тусгажээ.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг:
-Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу аюулын зэргийн үнэлгээ хийнэ. Аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан, хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хохирогчийн зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан тухайн сум дүүрэг, хорооны багийн хамтарсан баг, нийгмийн ажилтанд мэдэгдэх үүргийг хүлээж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар хамтарсан багийн хүлээх үүрэг, үйл ажиллагааг нэлээн өргөн хүрээнд тусгаж өгсөн. Хамтарсан багаар эрсдэлийн үнэлгээг тогтоох ёстой. Эрсдэл өндөртэй хүмүүсийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч тухайн хүмүүсийн эрхийг хангаж ажиллах юм. Өмнөх хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хэрэг зөрчлийн хэмжээнд шийдэгддэг байсан бол шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг юм гэдгийг тодорхойлж өгсөн.
Хууль зүй, Дотоод хэргийн яамны ажлын албаны дарга Л.Нямгэрэл:
-ХЗДХЯ НҮБ-ийн Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд хууль сахиулах байгууллагын болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заагдсан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалтууд явагдана. Хамтарсан багт ажиллах цагдаагийн байгууллагын ажилтнуудыг сургах төлөвлөгдөөд явж байна.
Хохирогчдод нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод хэд хэдэн төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлэхээр хуулинд тусгасан байна.
Нэгдүгээрт, Хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ. Тодруулбал, дуудлагын дагуу хамгийн түрүүнд цагдаагийн байгууллага очиж, гэмт хэргийг таслан зогсоох. Дараа нь хохирогчийн аюулгүй байдалд байрлуулна.
Хоёрдугаарт, Нэг цэгийн үйлчилгээ. Тухайлбал, хохирогч эмнэлэгт үзүүлэхэд эмнэлгийнхэн анхан шатны тусламж үзүүлж, нийгмийн ажилтан сэтгэл зүйг нь засахаар хуульчилж өгчээ.
Гуравдугаарт, Нийгмийн халамжийн чиглэлийн үйлчилгээг халамжийн тухай хуульд заасны дагуу үзүүлнэ.
Дөрөвдүгээрт, Хууль зүйн зөвлөгөө
Тавдугаарт, Хүчирхийлэлд өртсөн хүүхэд хамгаалах байранд байрлаж байвал хүүхдийн онцлогт таарсан үйлчилгээг үзүүлэхээр хуульчилжээ.
Б.Чимэг