"Ээж" кино Хятадад гарна
2017 оны 2-р сарын 13-нд Монгол улсын "Чононгоо фильм продакшн"-ы уран бүтээлчид БНХАУ-ын Шанхай хотноо айлчилж тус продакшны бүтээл Монголын уран сайхны "Ээж" киног Хятад улсад гаргах асуудлаар Шанхай хотын Жями группийн төлөөлөгчидтэй анхны тохиролцоонд хүрч, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ киног Дээд Монголын яруу найрагч Б.Бүргэд хятад хэлээр орчуулсан юм.
Ээж киноны зохиолыг "Чононгоо фильм прадакшн"-ы захирал, зохиолч Б.Мөнхтуяа бичиж, МУСТА Б.Эрдэнэцэцэг найруулан, МУАЖ Д.Мэндбаяр гол дүрд тогложээ. Ээж кино урьд нь ОХУ-ын Башкортостан улсын Уфа хотын олон улсын "Мөнгөн морь" кино наадамд оролцон 32 орны 27 киноноос "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналыг жүжигчин Д.Мэндбаяр гуай хүртсэн бол Америкийн Лос Анжелес хотод "Азийн дэлхийн шилдэг кино наадам"-д 51 орны 30 гаруй кино өрсөлдөн шилдэг таван киноны нэгээр шалгарчээ. Ээж кино мөн Энэтхэгийн Башкир, Японы Токио хотод болсон Азийн олон улсын кино наадамд оролцсон бөгөөд энэ оны 6 дугаар сард Америкийн Сиетл хотод, 7-р сард Францад "Нэг улс нэг кино" наадамд оролцох юм байна.
"Чононгоо фильм продакшн"-ы уран бүтээлчид тус продакшны захирал, МУСТА Б.Мөнхтуяагийн бичсэн Хятадын цагаач эмэгтэйн амьдралаас сэдэвлэсэн "Сэтгэлийн хязгаарт" зохиолыг Шанхай хотын Жями групптэй хамтран уран сайхны кино бүтээхээр тохиролцжээ.
До.Болдхуяг
Сэтгэгдэл байхгүй байна.