Х.Бадамсүрэн ажилд ороод анхныхаа тушаалаар өөртөө “Lexus 570” машин худалдан авчээ
"Иргэнээ сонсох 11-11 төв” ТББ-ын тэргүүн М.Хүдэрбаатар энэ үеэр: Гуравдугаар сард манай төвд нийт 500 гаруй иргэн санал гомдол гаргаснаас тал хувь нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудал байв. Тэр дундаа шинээр томилогдсон захирлын талаарх иргэд санал, гомдол, баримтыг ирүүлсэн. Үүнийг нэгтгэн хүргэе. "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн газар нэгжүүдийн 21 захиралтай 2016 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн нэмэлт цалин урамшуулал олгох гэрээг шинээр байгуулжээ. Гэрээнд 21 захирал 1-3 жилийн хугацаанд нэмэгдэл цалин урамшуулал нэрийн дор 20 тэрбум 83 сая төгрөгийн төсөв гаргахаар тусгасан нь улсын мөнгийг шамшигдуулах хэрэг болсныг иргэд ирүүлсэн юм. Үүнийг ард түмний хөрөнгөөс гэрээний дагуу хулгай хийх үйлдэл гэдгийг иргэд уламжилж байна.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр буюу ажилд орсон анхныхаа тушаалаар Таван богд группээс 300 сая төгрөгийн үнэтэй "Lexus 570” машиныг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр худалдан авчээ. Үүгээр ч үл барам Эрдэнэт хотын орон сууцны хэсгийн хоёрдугаар хорооллын 11 дүгээр байрны 27 тоотод хувийн орон сууцандаа 24 сая 687 мянга 800 төгрөгөөр тансаг засвар хийлгэсэн нь сүүлийн нэг жилийн дотор эрх мэдэлтнүүд тансаглаж буй нэг жишээ гэсэн гомдол манайд ирсэн. Үүнтэй холбогдуулан уг мэдээллийг шалгуулахаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандаж байна. Түүнчлэн иргэдийн хамгийн их бухимдаж буй зүйл бол халаас хоосондоо бус цалин тэтгэвэр, тэтгэмж болж ирэх ёстой мөнгө хэдхэн хүний тансаглал болж байгааг шүүмжилсэн. Мөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь яг төрийн мэдэлд байна уу, 20 хувийг нь хувьчилчихсан байна уу гэдгийг шалгуулах шаардлагатайг иргэд уламжилсан. "Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр хэд хэдэн компани байгуулаад эргээд бараа материал шахдаг гэх мэдээлэл ирсэн. Тиймээс бид иргэдийн өгсөн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд ыг шалгаж тогтоож өгөхийг хүсч байна. Төрийн гурван өндөрлөгт "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой 250 иргэнээс ирсэн саналыг баримттай нь хавсарган хүргүүллээ” хэмээв.