Бүсээ чангалж, хүнсээ хэмнэх цаг ирлээ
Манай улсад өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг байхаа болиод удаж байгаа билээ. Ингэж хэлэх болсон шалтгаан гэвэл тариалалтын ид үед буюу зургадугаар сар хүртэл цас орж, хасах хэмийн хүйтэн уур амьсгалтай байсан цаг агаар энэ сард арайхийн наашилсан ч бороо хур орохгүй байсаар наадам хүргэсэн. Наадам дуусаагүй байхад ч малын хамар хатгах өвсгүй, цагаан талд шороо босч байв. Харин наадмын дараах хэд хоногт хур бороо орж, багахан ч гэсэн ган тайлагдсан.
Гэсэн хэдий ч ихэнх аймагт орсон хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага байж, өвс, ногооны гарц муудаж, мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй хэвээрээ л байна. Бүр зарим гол, горхи ширгэснээс болж, ихэнх айл өвөлжөө, хаваржаандаа зусч буй талаар албаны хүмүүс хэлж байсан юм. Энэ зуны хувьд нийт нутгаар хөрсөн дээр 40 хэм давж халан, өнгөрсөн тав, зургадугаар сард хур тунадас муу, чийггүйгээс бэлчээрийн 80 хувь нь ганд нэрвэгдээд байгаа гэнэ. Хадах өвс ургаагүй, голын хадлан бэлтгэх талбайгүйгээс ургацын хэмжээ буурсан байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум ургацынхаа 40 хувийг алдаж болзошгүй, Орхонтуул сум дахь буудайн талбай бүхэлдээ ганд нэрвэгдэж, уринш боловсруулах ямар ч аргагүй болсон тул бүрэн зогсоожээ. Төв аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу, 30 хувь нь гантай байгаа гэнэ. Баянхангай, Баянцогт, Угтаалцайдам, Цээл суманд үр тарианы ургалт бүрэн зогссон, ойрын хугацаанд хур тунадас орохгүй бол ургац авахгүй, хөрс хэт хатсаны улмаас уринш боловсруулж чадахгүйд хүрсэн байна.
Зарим гол, нуур хатаж ширгэсэн, царцаа их нүүдэллэж ургасан жаахан өвсийг нь идчихсэн, цаашид мал бэлчээх газаргүй, онд бүрэн орохооргүй болсон тул отор нүүдэл хийх аймаг, сумдыг яаралтай шийдэх шаардлагатай байгаа талаар онцгой комиссынхон онцгойлон ярилцжээ. Хэдийгээр Засгийн газраас нийслэл, аймгуудад үүл буудаж автоматаар хур тунадас оруулах тоног төхөөрөмж, пуужин, сумны мөнгийг шийдэж өгсөн ч буудах үүл гарахгүй байгаа болохоор яалтай ч билээ. Ёстой л өвгөдийн хэлдгээр гантай зуны гай түйтгэр их учрах нь ээ, бидэнд. Мал сүрэг нь тарга тэвээрэг аваагүй, тарьсан тариа ногооныхоо талыг ч авч хүчрэхээ больж байгаа учраас бичин жилийн өвлийг давахад ч хүндхэн болоод байгаа нь бодит үнэн юм. 60 орчим сая малтай монголчууд хэзээ ч өлсөхгүй л гэдэг.
Гэтэл үнэн хэрэг дээрээ нөөцийн махыг туранхай хэмээн голдог хүмүүст энэ жил өөхтэй тарган мах үнэндээ л олдохгүй нь, харин ч махаа бага идэж, бүсээ чангалах цаг ирээд байна. Учир нь энэ өвөл 35 хэмээс дээш хэмжээгээр хүйтэрч, зуд болбол бүрэн тарга аваагүй мал осгож үхэх аюултай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Зуншлага муу, гантай байгаа энэ үед наймдугаар сар гэдэг өвлийн бэлтгэл хангахад оройтох хугацаа гэдгийг ч хашир хөгшчүүл хэлж байгаа юм. Малчид ч хадлан тэжээлээ бэлдэж амжихгүй нь хэмээн халаглаж сууна, цаана чинь. Харин тариаланчдын хувьд нөхцөл байдал хүндрээд байгаа гэнэ.
Тариалангийн бүс нутаг болох Сэлэнгээс авахуулаад зуншлага тааруу, гантай байгаа. Гэтэл энэ бүс нутагт хураах ёстой тариа будааны маань дийлэнх нь ургаж буй. Дөрөвдүгээр сард гаргасан ХХААЯ-ны мэдээгээр энэ онд улсын хэмжээгээр 328.6 га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 га-д хүнсний ногоо тариалж, үүнээсээ 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөөд байгаа гэж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар төлөвлөсөн ургацын 50-60 хувийг бүрэн алдах нь тодорхой болоод байна.
Учир нь газар тариалангийн бүсэд долдугаар сарын 1-нээс өмнө бороо хур орж, чийгээ сайн авахгүй бол ургацад сөргөөр нөлөөлдөг хэмээн хашир туршлагатай тариаланчид хэлж буй. Өөрөөр хэлбэл, долоо, наймдугаар сард орсон бороо хур ямар ч нэмэргүй бөгөөд газарт хангалттай сайн чийг болж очдоггүй юм байна. Байдал бишдэж, ирэх жил зуд болбол идэх хоол хүнс, өвлийн бэлтгэлээ базаагаагүй монголчууд балрах шинжтэй болж байна. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гантай зуны хэцүү, бичин жилийн өвлийг мэдэх нэгэн буурал захидал илгээсэн байсан.
Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг өвгөн настан малчид тариаланчдад зөвлөгөө өгч, үзсэн харснаа тоочсон байсан. Тэрбээр малчдад хандан "Энэ өвөл хатуу болно гэж тооц. Эр сувай малаасаа одооноос эхлэн хэр тааруу үнээр борлуулахыг бод. Язартал таргалуулаад идэшний үеэр үнэ хүргэж зарна даа гэсний хэрэггүй. Үлдсэн малаа яаж онд оруулахыг одооноос бод. Хаашаа, ямар малаа оторлох боломж байна вэ гэдгийг одооноос судалж байхад илүүдэхгүй. Хадлан, гар тэжээл, багсармал тэжээл аминд орно. Энэ жил гар хадуур их хэрэг болно шүү.
Ойн цоорхой дахь өвсийг хадах хэрэгтэй. Бургасны завсрыг ч мөн хадах хэрэгтэй. Өвөлжөө бууцны халгай, шарилжийг ч битгий гол” хэмээн зөвлөсөн байсан. Бас тариаланчдад хандан "Энэ жил эрт тарьсан талбайн тариа товчин толгойтой байж мэдэхээр байна. Энэ жил тариа эрт болно. Ургац бага, намхан байх төлөвтэй байна. Голж болохгүй. Тариагаа эртхэн хураахад бэлдэж комбайнаа зэхэх хэрэгтэй. Орой тарьсан талбайн тариа болц нь гүйцэхээргүй болж байна. Цавуулаг багатай тариа авна гэсэн үг. Зарим талбайн тариа огт цутгахгүй байж ч мэдэхээр болоод байна.
Ногоон масс их гарна гэсэн үг. Гэхдээ голж болохгүй. Цаана чинь малын тэжээлийн хэрэгцээ их гарна. Ногоон сүрлээ хэрчиж багсармал тэжээл хий” хэмээн дахин дахин сануулсан байсан. Төрийн байгууллагын дарга нарт ч гэсэн энэ өвөл хүндхэн болно гэдгийг одооноос тооцож, наадам хэмээн наргиж цэнгэлгүй өвлийн бэлтгэлээ базаахыг сануулсан. Тэрбээр "Хэрвээ хадлан нь ургасан бол хилийн зурвас, дархан цаазтай, тусгай хамгаалалттай газарт хадлан хадуулах. Отор нүүдлээр малчдыг өвөлжүүлэх зэрэгт эрх зүйн орчин хэлцэл шаардсан арга хэмжээ авах хэрэг гарч мэдэхээр байна.
Гар хадуур, морин хадуур, тармуур зэрэг их хэрэг болно. Малын тэжээл бэлтгэх машинууд хэр зэрэг байна вэ гэдгийг судлах хэрэгтэй. Гаднаас оруулж боломжийг судлахад ч гэмгүй. Гадагшаа мах борлуулах, нөөцийн мах бэлтгэх зэрэгт онцгой анхаарах. Говь, хангай, хээр талын бүсэд амьдардаг хашир малчидтай уулзах хэрэгтэй. Тэдний үг үнэтэй юм шүү. Тэд энэ өвлийг хэрхэн давах вэ хэмээн нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа” хэмээн өөрийн захидалд онцлон дурьджээ. Хэдийгээр ган, зуд, гал, ус гээд байгалийн гамшгийг бид сөрөх аргагүй.
Гэхдээ л буурлын үгийг бага ч гэсэн анхаарч, арга хэмжээ авч чадвал байдал арай өөрчлөгдөх ч юм бил үү хэн мэдлээ. Хэрвээ ямар нэг зүйл хийхгүй, найр наадам хэсч, зугаа цэнгэл хөөгөөд л яваад байвал байдал бишдэнэ. Энэ жил авах ёстой ургацаа бүрэн хурааж чадахгүй бол ирэх намар гурилын үнэ нэмэгдэх нь тодорхой. Хоёр хөршөөсөө гурил импортлоё гэсэн ч боломжгүй. Учир нь мөн л хоёр хөршид маань ган гачиг нүүрлэж, гал усны аюул тохиогоод байгаа. Тийм болохоор ирэх жилийн тухайд импортлоод аваад ирнэ гэж хараад суух биш энэ жил хурааж, хуримтлуулж, хөеөгөө бэлтгэх оготно шиг байж чадвал ирэх өвлийг давах нь.