Ард иргэд зээлийн хүүнд боомилогдсоор...
Монголчууд 5-10 хувийн зээл, зээлийн хүүнд сөхөрч, туйлдаж байна-2
Өнгөрсөн амралтын өдрүүдээр мөнгөний эрэлд мордов. Зарын сонин, танил
тал гээд хэд хэдэн эх сурвалжаас олж авсан дөрвөн ч хүн рүү утас
цохиход, хоёр нь "сарын 10 хувийн хүүтэй зээлүүлнэ”, хоёр нь "одоохондоо
бэлэн мөнгө алга” гэв.
Ингэсний эцэст мөнгө зээлдүүлдэг хүмүүс доод тал нь 10 хувийн хүүтэй
зээлдэг болохыг мэдэж авлаа. Надад гурван сая төгрөг хэрэгтэй байсан юм.
Хэрэгцээтэй мөнгөө 10 хувийн хүүтэй зээлнэ гэж тооцвол зөвхөн хүүнд нь
сар бүр 300 мянган төгрөг төлнө гэдэг айхавтар хүнд ачаа мэт санагдав.
Хэрвээ сарын хугацаандаа энэ мөнгөө төлж барагдуулахгүй бол цааш хэр
хугацаанд, хүүний хэчнээн төгрөгийг хүний халаасанд зүгээр хийх бол
гэсэн бодол ч төрөх шиг.
Мөнгө зээлдүүлдэг нэгэн залуугаас мөнгө зээлүүлэх энэ процесс хэрхэн
явагддагийг тодруулбал, тэрбээр "Уг нь байнга зээлдэг найдвартай
зээлдэгчидтэй бол ашигтай бизнес шүү дээ. Миний хувьд одоогоор 20-иод
сая төгрөг л эргэлдүүлж байна. Их мөнгөтэй, олон харилцагчтай хүмүүст
бол тун ашигтай. Зээлдэгчдээсээ элдэв янзын барьцаа хөрөнгө шаарддаггүй
учраас хүмүүс их дуртай авдаг.
Иргэний үнэмлэхний хуулбарыг нь л авч үлддэг. Миний хувьд огт танихгүй
хүнд мөнгө зээлдүүлэх дургүй. Танилдаа эсвэл танилын найз, хамаатан
зэрэг хүмүүс л зээлдүүлдэг” хэмээн ярьж байлаа.
Та таньдаг хүндээ мөнгөө хэдэн хувийн хүүтэй зээлдэг вэ гэхэд,
"Таньдаг, таньдаггүй хамаагүй бүгдэд нь 10 хувийн хүүтэй зээлдүүлдэг.
Таньдаг хүндээ гээд бага хүүтэй зээлдүүлж байснаас банкинд
байршуулчихаад хүүг нь идэж байсан нь дээр биз дээ. Гэхдээ ойрын ах
дүүсдээ бол арай ч 10 хувь энэ тэр гэж чаддаггүй юм. Ор хүүгүй юм аа
гэхэд, 3-5 хувийн хүүтэй зээлүүлдэг” хэмээн ярилаа.
Түүнээс элдвийг шалгаах зуур мөнгө зээлүүлдэг нь ч, зээлдэг нь мөнгөгүй
болж, зах зээлд бэлэн мөнгө хомс байгаа нь мэдрэгдэж байлаа. Зах зээлд
бэлэн мөнгө хомс байгаа нь олон зүйлээр нотлогдож байгаа.
Ломбардад тавьсан үнэт эдлэлээ хугацаанд нь авч чадахгүй алдах, зээлсэн
мөнгөө төлж дийлэхгүй хүүнд нь дарлуулж буй өрөвдөлтэй гэмээр
монголчуудын амьдралын нэг дүр зураг ийн үргэлжилж буй нь энэ. Явсан
газар бүрт таарсан хүн бүр хүүтэй мөнгө, лизинг төлөх хугацаа
хэтэрчихлээ, ломбардад тавьсан зүйлийн хугацаа дөхлөө гэж ярина.
Энэ яриа нэг хэсэгхэн газарт, хэсэг бүлэг хүмүүсийн дунд өрнөөд байна
уу гэвэл бас үгүй. Хаа сайгүй өрнөх ийм яриаг сонирхон сонсох хүн ч үгүй
болоо биз. Яагаад гэвэл "Хоолонд оръё”, "Гадуур гарах уу”, "Кино үзэх
үү” гэх өдөр тутмын яриа мэт л улиг болж, хэний ч тоож сонсомгүй яриа
болоод удаж байна.
Гадаадын зарим улсын хүн ардынх нь амьдрал жигд хөгждөг. Гэтэл манайд
эсрэгээрээ юм шиг санагддаг. Хүүтэй мөнгө зээлдүүлэх энэ процессыг
ажиглахад ч энэ "хууль” ч үйлчлээд байгаа мэт санагдаж байв.
Тухайлбал, бийлэгжүү нэг нь мөнгөө өндөр хүүтэй зээлдүүлээд, хүүнийх нь
мөнгөөр дутагдаж гачигдаж зүйлгүй амьдарч байхад, дундаж амьдралтай
нэг хэсэг нь хүүг төлж дийлэхгүй цөхрөнгөө барж байгаа нь нүднээ илхэн.
Хэрэглээний мөнгө зээлдүүлдэг хүмүүсээс ч илүү чинээлэг хөрөнгө нь
хэдэн тэрбумаар тоологдох баячууд хэдэн арваараа, цаашилбал хэдэн
зуугаар тоологдох байх. Гэхдээ өнөө маргаашийн хоолоо өдөр өдрөөр
аргацаах хүмүүс нь даанч тэднээс хэдэн зуу дахин олон байгаа нь
харамсалтай.
Элгээрээ мөлхсөн монголчуудын эмгэнэл "хүүтэй мөнгө зээлдүүлэгч,
зээлдэгчид”-ийн дунд дахин өрнөж буй нь энэ аж. Өрийн сүлжээ үүссэн
нь зөвхөн энэ биш гэдгийг сурвалжлагаараа хүргэх болно.
Тэрхүү сурвалжлагаараа автомашин барьцаалан мөнгө зээлдүүлдэг аж
ахуйн нэгж болон энэ төрлийн зээл авсан хүмүүсийн байр суурийг хамтатган
хүргэх болно.
М.Уянга
Эх сурвалж: