“Интерпол”-оор эрэн сурвалжлагдаж байсан Баян-Өлгий аймгийн харьяат Т.Еркинийг баривчиллаа
ОХУ-ын Алтайн БНУ-ын Монголтой залгадаг хилийн Ташант боомт дээр өнгөрсөн лхагва гарагт саатуулагдсан Монголын иргэнийг "Интерпол”-оор эрэн сурвалжлагдаж байсан хэмээн тус улсын албан хүмүүс мэдээлэв. Түүнийг 30 настай, Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл ангиар буюу хулгайн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэхээс өөр мэдээ алга байна. "Интерпол”-ын цахим хуудсанд буй мэдээлэлтэй тулгаж үзвэл, баригдсан хүн нь Тосагбайн Еркин гэгч бололтой. Уг мэдээлэлд Монголоос эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн дотор 30 настай хүн ганц байгаа нь Т.Еркин бөгөөд түүнийг "Баян-Өлгий аймгийн харъяат, монгол, орос, казах хэлээр ярьдаг. Хулгайн хэрэгтэй” гэжээ. Өнөөдрийн байдлаар Монголын "Интерпол”-ын хорооноос олон улсад эрэн сурвалжлахаар хүсэлт гаргасан есөн хүн байгаагийн зургаа нь Монгол, хоёр нь БНХАУ, нэг нь БНСУ-ын иргэн байгаа юм. Тэдэн дунд МАХН-ын дарга Н.Энхбаярын эгч Н.Энхтуяа, туслах асан, БСШУЯ-ны дэд сайдБ.Тулгын төрсөн ах Б.Хуяг нар урьдын хэвээр байна.
Л.Бат