Хор болсон хүнсний бүтээгдэхүүнээс татгалзья
Гэтэл уг судалгаагаар манай улсад худалдаалагдаж буй 97 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 80 хувь нь хүнсний эрүүл ахуйн стандарт хангахгүй, хорт хавдар болон элэгний өвчлөл үүсгэдэг болох нь тогтоогдсон байна. Тандалт судалгаанд 54 үйлдвэрийн 300 орчим нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулсан бөгөөд тус бүтээгдэхүүнүүдийн найрлагад ордог 27 төрлийн будагч бодис долоон төрлийн нөөшлөгч, 30 төрлийн өтгөрүүлэгч, таван төрлийн хүчиллэг тохируулагч, найман төрлийн өнгө тогтворжуулагч гэх мэт хүнсний нэмэлтүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг НМХГ-ынхан илрүүлэн тогтоосон гэсэн үг.
Хэдийгээр НМХГ-ынхан хор болсон хоолыг хэрэглэгчдэд хүргэж байгаа нэр бүхий компаниудыг илрүүлж тэдэнд холбогдох бичиг баримтыг илгээгээд байгаа ч тэдний бизнесийн үйл ажиллгаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг бодолцон энэ удаад нэрийг нь зарлахаас татгалзсан нь энэ аж. Мэдээж хүнсний аюулгүй байдал гэдэг улс орны нэн түрүүнд анхаарлаа хандуулах зүйлийнх нь нэг. Гэтэл манай улс Хүнсний аюулгүй байдалд ач холбогдол өгөлгүй байсаар хүний биед хор нөлөөтэй хүнсний бодис, нэмэлт бүтээгдэхүүнүүд хил дамжин орж ирсээр байгааг албаныхан хүртэл шүүмжлэн хэлж байсан юм.
Уг нь ДЭМБ-аас "ард иргэд эрүүл, идэвхтэй амьдрахад хүрэлцээтэй, эрүүл, тэжээллэг хоол хүнсээр хангагдсан байх нөхцлийг хүнсний аюулгүй байдал” гэж тодорхойлсон байдаг байна. Гэтэл өнөөдөр манай улсад хүнсний чанар, аюулгүй байдлын баталгаа ямар түвшинд байгааг холбогдох албаны хүмүүс тогтоосон ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрээд байна.
Түүнчлэн манай улсад хамгийн их түгээмэл байгаа зүйл нь хэн дуртай хүн импортоор хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалж байна. Уг нь гадны улс орнууд импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд аль хэдийнэ хориг тавьж хатуу хяналтын дор импортолдог бөгөөд зөрчил давтагдвал бизнесийн эрхээ алдах эрсдэлтэй байдгаас илүү хариуцлагатай ханддаг байна.
Юутай ч "Хүн идэхийн тулд амьдрах бус амьдрахын тулд иддэг. Гэтэл бидний ууж идэж байгаа хоол хүнс эрүүл мэндэд маань сөргөөр нөлөөлж, бид хоол хэмээн андуурч хор худалдан авсаар байна. Тиймээс хор болсон хүнсний бүтээгдэхүүнээс татгалзья. Бид дараагийн дугаартаа хор болсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нэрсийг хүргэх болно.
Үргэлжлэл бий..
Өглөөний сонин
Р.Саруул