Авлигачдыг аврах, сайдын санал ширээ хуваахаас өөр зүйл хийгээгүй улстөрчид
Энэ зун улстөрчид найр наадам хэсч, амарч зугаалжяваад ирсэн. Ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж сайд нарыг огцруулж дараагийн сайд хэн байх вэ,Өршөөлийн хуулийг баталж аль намаас хэн хэн, хэдэн хүн суллагдах вэ гэсээр байтал намар болж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байна.
Нэг л мэдэхэд намар болж бараа бүтээгдэхүүний үнэ өсч, сургууль, цэцэрлэгийн асуудал толгойны өвчин болов. Гэтэл улстөрчид нь сайдын сандал суудал, авлигачдын өршөөлийг л хэлэлцсээр.
Өршөөлийн хуульд тавьсан хориг дэмжигдэх үү?
Цагаан захтнуудыг өршөөсөн Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хэсэгчилэн хориг тавиад байна. Олны хэл амнаас нууж хааж, хаалттай хаалганы цаана сэмхэн баталсан Өршөөлийн хууль анхнаасаа л хэл ам дагуулсан.
Энэ хууль хэрэгжсэнээр албан тушаалтан, цагаан захтнуудын авлигын хэргээр шалгагдаж байгаа 40 гаруй хэрэг хэрэгсэхгүй болж 32 тэрбум төгрөгийн хохирол замхарна. 150 орчим тэрбум төгрөгийн хохирол бүхий шалгагдаж буй хэргүүд хэрэгсэхгүй болох юм байна.Эрүүгийн хуулийн 148-ын 4-өөр буюу залилангийн 116 хэрэг байгаа бөгөөд 5559 хохирогчийн 93 тэрбум төгрөгийн хохиролтой асуудал замхарна. Цаашлаад шалгагдаж дуусаагүй хэргүүд ч нэмэгдэнэ гэхээр улс, иргэдэд учирсан их хэмжээний хохирол барагдахгүй нь. Энэ мэтчилэн олон улсын жишигт өршөөлд хамруулдаггүй авлига, албан тушаал, гэнэт хөрөнгөжсөн гэмт хэргийг хамруулсан нь хориг тавихад хамгийн ихээр нөлөөлсөн.
Автор болсон Засгийн газар хуулийн төслөө танихгүй болсон. Засгийн газрын нэр дээр тэс өөр хуулийн төслийг хэлэлцэж баталсан хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав мэдэгдэв.
Ээлжит бус сонгуулиар Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хориг, Засгийн газрынгишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх юм. Ерөнхийлөгчийнхэсэгчлэн тавиад байгаа хоригийг хүлээж авна хэмээн улстөрийн нам, УИХ-ын гишүүд нэмэгдсээр байна. ИЗНН-аас хэвлэлийн хурал хийн Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжиж байгаа хүлээж авна гэдгээ мэдэгдэв. МАН-ын бүлэг хүлээж авах нь тодорхой байгаа. Ц.Нямдорж гишүүн хэлэхдээ авлигачдыг өмгөөлсөн хуулийг МАН-ын гишүүдээс битүүхэндээ дэмжихгүй байлгүй. Хэрэв тэгвэл зайлах хэрэгтэй гэж хатуухан хэлж байв. Учир нь өршөөлд хамрагдах цагаан захтнуудаас чамгүй олон нь МАН-ын харъяалалтай байгаа юм. АН-ын бүлгээс мөн хоригийг дэмжиж байгаа гэдгээ мэгдэгдсэн гишүүдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, Ж.Батзандан, М.Зориг, М.Батчимэг гэх мэт.
Засагт хамрагч болоод байгаа Шударга ёс эвслийн бүлгээс ч Өршөөлийн хуулийг дэмжихгүй гэдгээ Г.Уянга мэдэгдсэн. Тэгэхээр ээлжит бус чуулганаар хэлэлцэх Өршөөлийн хуульд тавьсан хориг улстөрийн намуудын дунд халууханмэтгэлцээнийг өрнүүлэх нь. Тодруулбал, улстөрийн намуудын үнэн төрхийг ил гаргасан үйл явдал болно гэж үзэж болно.
Зургаан сайдын сураг
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд зургаан сайдын нэрийг өгөн барина гэсэн хүлээлт талаар болов. Хамтарсан Засгийн газар байгуулах улстөрийн зөвшилцөл Өршөөлийн хуулийн хоригоос болон удааширлаа гэсэн таамаг Төрийн ордонд түгэжээ. Учир нь Ерөнхийлөгчийн тавьсан хориг УИХ-аар хүлээж авбал МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хамтарч засаг байгуулах эсэхээ шийднэ гэж байгаа гэх. Учир нь Н.Энхбаярыг дахин шалгагдахаас аврах боломжоо алдахгүй гэсэн үг гэнэ. Тэгвэл Шударга ёс эвслийнхэн долоо хоногийн сүүлээр сайдад нэр дэвшигчдээ бараг л тодруулсан гэх. Харин АН-ынхан дотооддоо асуудлаа шийдэжчадахгүй байна гэж байлаа. Хоёр нам ингэж нэгийгээ хүлээж байгаа мэт хэлж байгаа ч ачир дээрээ хоёулаа дотоод асуудлаа шийдэж чадаагүй байгаа юм.
АН-ынхан хувьд 3 сайдын суудал авсан бөгөөд Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг, Сангийн сайдад Н.Батбаяр, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан нарыг нэр эвшүүлэх нь тодорхой болсон. АН-ын бүлгийн хурлаар нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Л.Эрдэнэчимэгтэй хамтран ажиллаж чадэхгүй гэдгээ хатуухан хэлсэн. Учир нь фракцийн даалгавараар Тавантолгойн гэрээг удаан хугацаагаар уяж чуулганаар хэлэлцүүлэлгүй буцаахад Л.Эрдэнэчимэг гишүүн ажлын хэсгийг ахалж хүчин зүтгэсэн. Үүнийхээ ачаар сайад нэр дэвшиж байна гэсэн юм. Тиймээс АН-ын зүгээс Ерөнхий сайдыг нэр дэвшигчдээс хасч, нэмэхийг өөрөө шийдэх эрх өгсөн. Үүний дагуу Ч.Сайханбилэг Л.Эрдэнэчимэгийн оронд Г.Батхүүг санал болгох бололтой.
МАХН-МҮАН Шударга ёс эвсэл Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигчдээ эцэслэж чадаагүй байгаа. Урьдчилсан байдлаар МАХН-ынхан ч гэсэн эцсийн шийдэлд хүрч чадаагүй л байна. Гаднаас сайд томилохгүй гэхээр 7 гишүүн дундаасаа сонголт хийнэ. О.Баасанхүү болохоор байнгын хорооны дарга, Ц.Цолмон Батлан хамгаалахын сайд, Л.Цог УИХ-ын дэд дарга. Байнгын хорооны дарга, дэд дарга зэрэг албан тушаалын сэтэртэйгээ хасахаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар дөрөв тунаж үлдэнэ. УИХ-ын гишүүн Ч.Улаан "Шийдлийн засагт орохгүй" гэдгээ хэлсэн гэх. Энэ нь үнэнтэй ортой бололтой. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Дубайд үзэглэсэн Оюутолгойн луйврын гэрээгээ сайжруулахгүй бол хамтарч ажиллаж чадахгүй" гэдгээ илэрхийлсэн гэнэ. Ийм нөхцөл байдал үүссэн учир З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар хоёр л тунаж үлджээ. МАХН-ынхан Шадар сайдыг МҮАН-д өгөхгүй, Барилга хот байгуулалтын яамыг л ав гэсэн хариу барьсан аж. Тэгэхээр З.Баянсэлэнгэ Шадар сайд болох уу, энэ нь МАХН-ын нэр хүндэд нөлөөлөх үү хэмээн маргалдсан сурагтай байна.
Мөн бас нэг хувилбар нь Н.Батцэрэгийг Шадар сайдад нэр дэвшүүлж магадгүй. Гэхдээ нэг болзолтой. МАХН-ын гишүүн болох. Намын харъяаллаа өөрчилсөн тохиолдолд Шадар сайдад болгох гэнэ. Тэгэхээр Н.Батцэрэгийн сонголт аль нам байхыг хүлээж байна.
МУИС-ыг төлбөрөө 10 хувьбуулгахыг үүрэг болгов
БСШУ-ны сайд Л.Гантөмөрсургалтын төлбөрөө 20-40 хувь нэмэгдүүлээд буй МУИС, АШУҮИХ-иудын удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өглөө.
Дээд боловсрлын тухай хуулиар бол салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн энэ нөхцөлд эцэг, эх олон нийтээс төлбөрийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаатай холбогдуулан дээрх чигийг өгөөд байна. Төлбөрийг бууруулахдаа аль нэг хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн байна.
Одоогийн нөхцөл байдлаар МУИС-ийн хууль зүйн сургууль, бизнесийн сургууль, олон улсын харилцааны сургуулиуд нэгдүгээр курсийн оюутны төлбөрийг 30-40 хувь, 2-4 дүгээр курсийн төлбөрийг 12 хувиар нэмэгдүүлээд байгаа юм. АШУҮИС-ийн хувьд нэгдүгээр курсийн оюутны төлбөр 20-30 хувиар, 2-с дээш курсийн төлбөр 11 хувиар нэмсэн. Аль хөрөнгө оруулалтаа зогсоож, ямар зардлаа тэвчиж төлбөрийн хувиа буулгах вэ гэдэг эцсийн шийдвэрийг сургуулиудын удирдах зөвлөл гаргах юм.
Хүүхэд азын сугалааны тасалбар биш
Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд 10 гаруй хоног дугаарлаж байна. Гэсэн ч энэ хүчин чармайлт нь талаар болж сугалаа сугалах дээрээ туллаа. Азтай нь цэцэрлэгт орно, азгүй нь гэртээ цоожлуулна гэсэн үг. Ийм хатуу болзолыг Нийслэлийн боловсролын газраас гаргах гэж байна. Энэ тухайгаа мэдэгдсэн даруй эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хангалтгүй байгаагаас хүүхэд багачуудыг азын сугалааны тасалбар болгож байна. Зарим цэцэрлэг өнгөрсөн хавраас шинэ хүүхдийн бүртгэлээ авч, нэг хэсэг нь 8 сар гарангуут дугаар тараасан гээд аль болох хэл амгүй зохицуулалт хийх гэж цэцэрлэг бүр хичээж байна. Албан мэдээлэл чамгүй олон цэцэрлэг шинээр байгуулагдсан гэж байгаа ч дийлэнх нь хувийн гэх тодотголтой. Эцэг эхчүүдийн хэчнээн нь хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх чадалтай бэлтэй билээ. Хэрэв тэгэх байсан бол цэцэрлэгийн гадна 10 гаруй хоног дугаарлах уу.
Ц.Саруул
ЭХ СУРВАЛЖ:TIMES.MN